ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ТУШААЛ, ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ХЭВЛҮҮЛЭВ
Аймаг (дүүрэг)-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх орон нутгийн комисс, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дэргэдэх Сэтгэцийн болон Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комиссууд нь даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг мэргэжлийн түвшинд тогтоох үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байна.
Монгол улсын төрөөс нийгмийн хамгааллын асуудлыг онцгойлон анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч нийгмийн хамгаалал, халамж анхаарал шаардаж буй хүн амын тодорхой хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо төдийлөн буурахгүй байна.
2018 онд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч (иргэн) 111464 байгаа нь нийт хүн амын 3.4 хувийг эзэлж байна.
Сэтгэцийн эмгэг, мэдрэлийн өвчин, ахуйн осол, цусны эргэлтийн системийн өвчин, нүдний өвчин нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй өвчлөлийн 60%-ийг эзэлж байгаа нь сэргийлж болох халдварт бус өвчнүүд, ахуйн ослоос шалтгаалсан хүн амын дундах өвчлөлийн түвшинг бууруулах, үүнээс үүдэн хөдөлмөрийн чадвар алдалтад хүрэхээс сэргийлэх, эрт илрүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагч (иргэн)-ийн эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах, эмчлэн эрүүлжүүлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар нийгмийн бүхий л түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлж, дахин мэргэшүүлэн, боловсрол эзэмшүүлж, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.
Энэ удаагийн эмхэтгэлд Засгийн газрын 2015 оны“Дүрэм шинэчлэн батлах тухай” 269 дүгээр тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2016 оны “Зааварт өөрчлөлт оруулах тухай” А/243; А/130 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар тушаал зэрэг шинээр батлагдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой хууль эрхзүйн баримт бичгийг нэмж 3 дахь удаагаа хэвлүүллээ.
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР