“Хүртээмжтэй ирээдүй-2019” нээлттэй өдөрлөг боллоо

Арванхоёрдугаар сарын 3 Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр. Анх 1981 онд НҮБ-ын санаачилгаар энэ өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр  болгосноос хойш жил бүр тодорхой уриа дэвшүүлэн тэмдэглэсээр 38 дахь жилтэйгээ золголоо.  

Энэ жилийн уриа “Хүртээмжтэй ирээдүй”.  Монгол Улс энэ уриан дор нэгдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнан, цаашид хийх ажлаа төлөвлөх агуулгаар өнөөдөр олон арга хэмжээг зохион байгуулсны нэг нь “Хүртээмжтэй ирээдүй-2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөг байлаа.

Өдөрлөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх “SECiM” төсөл, ЖАЙКА олон улсын байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл”, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн болон төргийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нээлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж байгууллагынхны хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хүртээмжтэй орчин, тохируулгат ажлын байрыг бий болгоход нөлөөлөх зорилготой  өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг онцолсон. Тэрбээр Монгол Улс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцид нэгдэн орсон НҮБ-ын гишүүн орны хувьд тус конвенцийг хэрэгжүүлэх, түүний үзэл баримтлалд тулгуурлан үндэсний хууль тогтоомжоо боловсронгуй болгох, иргэн бүрийг хөгжлийн гадна үлдээхгүйн төлөө нийгмийн хамгааллын үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарч байгааг дурдаад  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж үйлчилгээ үзүүлж байна. 2019 оны аравдугаар сарын 30-ны байдлаар нийгмийн даатгалын сангаас 72.7 мянган иргэнд 211.4 тэрбум төгрөгийн, нийгмийн халамжийн сангаас 39.4 мянган иргэнд 61 тэрбум төгрөгийн тэтгэвэр тус тус олгосон байна. Мөн нийгмийн халамжийн хуулийн дагуу 19 төрлийн хөнгөлөлт, тусламж үйлчилгээнд 25.5 мянган иргэнийг хамруулж, 7.0 тэрбум төгрөгийг хөнгөлөлт үйлчилгээнд зарцуулаад байна. Эдгээр арга хэмжээнд жилд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7 хувийг эзэлж байгаа юм. Энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор нийт 219,1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулсан байгаагаас харахад 1 хүн дор хаяж 2 төрлийн арга хэмжээнд хамрагдаж байна гэсэн үг” хэмээн Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг хангах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн халамжийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг хамруулж байгаа төдийгүй  олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг байнга нэмэгдүүлэхэд анхаарч байгаа талаар ярьсан.

            Өнгөрсөн онд Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ оны зургадугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт жил бүр 4,0 орчим тэрбум төгрөгийг зарцуулж байна. Энэ оноос тус хөтөлбөрийн  санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулдаг болсон.

            Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөдөлмөрт зуучлах “Career Expo” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажил олгогчидтой холбон зуучилж, 40 орчим хүнийг ажлын байраар хангажээ.

  

            Энэ удаагийн өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, зөвлөгөө мэдээллээр хангах, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжууд” семинар зохион байгуулж “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдын сургалт”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, эрх зүйн орчин тулгамдсан асуудл”, “Дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулуах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн Японы туршлага ба Монгол Улсад хэрэгжүүлэх боломж” зэрэг илтгэлийг тавьж, хэлэлцүүлсэн. Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй ч ажил идэвхтэй хайж буй иргэдийг байнгын ажлын байранд зуучлах үйл ажиллагааг явуулж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-өөс санхүүгийн дэмжэг авсан аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын талаар зөвлөгөө өгөх үйлчилгээ явууллаа.     

  

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчидтой холбон зуучлах ажлыг тасралтгүй зохион байгуулах нь зөв гэдгийг  өдөрлөгт оролцогчид хэлж байсан юм.

Дээш