Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Хүн ам ба хөгжил-25” сэдэвт Найробигийн дээд хэмжээний хуралд оролцлоо
Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотноо 2019 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд “Хүн ам ба хөгжил-25” сэдэвт дээд хэмжээний хурал боллоо. Уг хурал нь 1994 онд Египт Улсын Кайр хотноо болсон Хүн ам ба хөгжлийн асуудлаарх бага хурлын 25 жилийн ойн хүрээнд зохиогдлоо. Хурлаар өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүрсэн ололт, амжилт сургамжийг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хуралд Данийн Хаант Улсын угсаа залгамжлах гүнж Мэри, Бүгд Найрамдах Уганда Улсын Ерөнхийлөгч Ёовэри Мусевэн, Бүгд Найрамдах Кени Улсын Ерөнхийлөгч Ухуру Кениата, НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Наталиа Каним зэрэг өндөр төвшний олон зочид нийлсэн 170 гаруй орны 9500 гаруй төлөөлөгчид оролцсон. Хурлын үеэр 1200 гаруй амлалтыг улс орон болон олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд танилцуулсан.
Уг хуралд хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага болон залуучуудын төлөөлөл бүхий нийт 20 төлөөлөгчид оролцлоо. Дэд сайд С.Мөнгөнчимэг хурлын ерөнхий хэлэлцүүлэгт оролцох үеэрээ Монгол Улсын Засгийн газраас ойрын хугааанд хэрэгжүүлэх дараах 5 ажлыг танилцууллаа. Үүнд:
- Ерөнхий боловсролын сургуулийн бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролын чанарыг сайжруулж, энэ чиглэлийн багшийг мэргэшүүлэх, мэргэжүүлэх талаар анхаарна.
- Анхан шатны эмнэлэгийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа охид өсвөр насны эмэгтэйчүүдэд хүргэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ,
- 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн харьцааг 2030 он гэхэд 15 хүртэл бууруулна
- Ажилгүйдэл, ялангуяа залуучуудын ажилгүйдлтйг тогтвортой бууруулна
- Бүх шатны боловсролын байгууллагын хөтөлбөрт жендэрт суурилсан хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулгыг оруулах, мөн хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох оновчтой механизмыг хэрэгжүүлэх
Дээд хэмжээний хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрийн ордонд иргэний нийгэм, хувийн хэвшил, залуучууд болон олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг танилцуулан, хэлэлцэн тохирсон. Иймд төр болон төрийн байгууллагууд хамтран хэрэгжилтийг хангах нь өндөр ач холбогдолтой юм.
Хурлын дүнд Хүн ам ба хөгжлийн асуудлаарх бага хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Найробигийн мэдэгдэл гаргаж байгаа бөгөөд хэрэгжилтийг хангахад НҮБ-ын Хүн амын сан болон бусад байгууллагуудтай хамтран ажиллана.