ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗРЫН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслөөс хамтран төрөлжсөн асрамжийн газрын ажилтнуудыг чадавхижуулах сургалт 11 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад ХНХЯ, ХХҮЕГ болон улс, орон нутаг, хувийн хэвшлийн 11 асрамжийн газрын нийт 70 гаруй ажилтнууд хамрагдаж, сертификатаа гардан авлаа.
Сургалтыг танхимын болон дадлагын гэсэн 2 чиглэлээр зохион байгуулсан ба нийт 16 цагийн багц сургалтын хөтөлбөрт асрамжийн үйлчилгээний чиглэлээрх хууль тогтоомж, шинэчлэлийн зорилт, гадаадын зарим улс орнуудын асрамжийн үйлчилгээний туршлага, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцах харилцаа, сэтгэл зүйн асуудал, асаргаа сувилгааны арга техник олгох дадлага хичээлүүд багтсан.
Онолын хичээлийг нийгмийн ажлын мэргэжлийн сургуулийн доктор, профессор багш нар, асаргаа сувилгааны дадлага хичээлийг Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн дэргэдэх Сэргээн засах эмнэлэг, Улаан загалмай нийгэмлэгийн клиникийн профессор, сургагч багш нар удирдан явуулсан болно.
Дадлага хичээлийг Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд зохион байгуулсан нь бүсийн болон хувийн хэвшлийн асрамжийн газрууд улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах, суралцах, харилцан туршлагаа солилцох боломжийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил болж өнгөрлөө.
Энэхүү 2 өдрийн сургалтын үр дүнд асрамжийн үйлчилгээг үзүүлж байгаа ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, асаргаа сувилгааны арга техник болон үйлчлүүлэгчтэй харьцах хандлага, ёс зүй дээшилж улмаар үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан нь дамжиггүй юм.
Цаашид тус яамнаас Нийгмийн халамжийн хуулийн шинэчлэлийн хүрээнд төрөлжсөн асрамжийн үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.26-д “Ахмад настны асаргаа үйлчилгээ, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг өргөжүүлж, хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулахыг дэмжинэ” гэсэн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөрийн төсөл”-ийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.
Энэхүү шинэчлэлийн хөтөлбөрт асрамжийн үйлчилгээний ажилтнуудыг бэлтгэх, тасралтгүй сургах, мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгааг хангах, тэдний эрх ашгийг хамгаалах асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан юм.