Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийг чадавхижуулах сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэхэд чиглэсэн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ. 

Төрийн албаны тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас төрийн албаны мэргэшсэн, чадварлаг байх дээрх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төслийн дэмжлэгтэйгээр 2018 онд нийгмийн даатгал, нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын хүний нөөцийн сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа хийж, түүнд үндэслэн сургалтын хөтөлбөр, модуль боловсруулах, сургагч багш, суралцагчийн гарын авлага бэлтгэсэн. 
Энэхүү сургалтын хөтөлбөрийн дагуу нийгмийн халамж, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавхижуулах шаталсан сургалтыг энэ оны 9-10 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Тухайлбал: 9 дүгээр сарын 25, 26-нд Улаанбаатар хотод сургагч багш нарын сургалт, 10 дугаар сарын 7-25-нд аймаг, дүүрэг, сум, хорооны ажилтан албан хаагчдын сургалтыг зохион байгуулаад байна. 
Түүнчлэн асрамжийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг 10 дугаар сарын 24, 25-нд зохион байгуулахаар бэлтгэж байна. 
Энэхүү сургалтад нийгмийн халамж, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын нийт 3000 гаруй албан хаагч хамрагдаж байна. 
Цаашид хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төв, орон нутгийн ажилтан, албан хаагчдыг чадавхижуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар зорилт тавьж ажиллаж байгаа бөгөөд салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх дунд хугацааны стратегийн баримт бичгийг боловсруулаад байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Дээш