ДЭД САЙД С.МӨНГӨНЧИМЭГ АСЕМ-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Ази-Европын орнуудын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 1-2-нд болж байна.

“Насжилт ба хүний эрх” сэдвээр болж буй энэ удаагийн чуулганаар насжилтын хурдац, насан туршийн боловсрол, дахин буюу шинээр ур чадварт суралцах, хүний эрх-насжилт, насны ялгаваргүй харилцаа зэрэг асуудлыг хэлэлцэж буй бөгөөд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг  оролцож байгаа юм.

АСЕМ-ын гишүүн орнуудын ахмад настны асуудал хариуцсан төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагынхан, судлаач эрдэмтдийн төлөөлөл 350 гаруй өндөр түвшний зочид хуран чуулж буй энэ уулзалтад дэд сайд С.Мөнгөнчимэг үг хэлж, дэлхийн улс орнуудад нүүрлэж буй насжилт, түүнийг даган гарч байгаа асуудлууд, ялангуяа хувь хүн ба нийгэмд үзүүлж буй үр нөлөө сэдвийн хүрээнд өндөр настнуудад чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн асуудал, тэтгэвэр тэтгэмж, халамжийн тогтолцоо, хууль эрхзүйн орчин зэрэг асуудлаар Засгийн газрын байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсад “хүн ам зүйн цонх үе” үргэлжилж, хүн амын насжих үйл явц аажмаар явагдаж байна.  60 ба түүнээс дээш насны хүн амын нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол  2030 онд 11.9 хувь, 2050 онд 21.1 хувь болж өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул төрөлтийг дэмжих, ахмад настны аж байдал, хөгжил, хамгааллыг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог дэмжих, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах зэрэг хүн амыг насжилтад бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгарч байгааг хэлээд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ахмадуудад чиглэсэн олон арга хэмжээг тусгасан хэрэгжүүлж байгааг танилцуулжээ. Тухайлбал,  2017 онд батлагдсан Ахмад настны тухай хуулиар ахмадуудыг өөрийгөө хөгжүүлэх, нэр төрөө хүндлүүлэх, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, нийгмийн амьдралд оролцох эрхүүдийг хуульчлан баталгаажуулж, тэдний тэтгэвэр, тэтгэмж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, барьцаалах, нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхахыг хориглосон.

Ахмад настны нийгмийн хамгааллын сайжруулах үүднээс нийгмийн халамжийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэдгээрт ахмадуудын 70 орчим хувь хамрагдаж байна. Ахмад настнуудын нийгмийн оролцоог хангах хүрээнд тэдний дунд спорт, урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах, ахмадын хамтлаг, клубын үйл ажиллагааг өргөжүүлэх, ахмад настанд зориулсан чөлөөт цагийн танхим, мэдээллийн төвийг ажиллуулахад дэмжлэг үзүүлж, тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бие даан амьдрах чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд анхаарч төрөөс санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжиж байна. Тухайлбал, Засгийн газраас Монголын Ахмадын холбоо ТББ-тай төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй сайн туршлагаас хуваалцсан байна.  

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадуудын мэдээллийн санг үндэсний хэмжээнд бүрдүүлж, түүнд үндэслэн ахмад настанг ажилд зуучлах, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг нь дэмжих, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, жижиг зээл олгох, шинэ дадал олгох сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж,  “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх” хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгааг ч ярьсан байна.

Түүнчлэн манай улсын хувьд эрүүл насжилтад бэлтгэх хүрээнд хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд урт хугацаанд үзүүлэх тусламж үйлчилгээний цогц нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байгаа бөгөөд энэхүү зорилтыг одоо боловсруулж буй Монгол Улсын Засгийн газраас “Урт хугацааны хөгжлийн бодлого 2045”-т тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг танилцуулжээ.  

Мөн ахмад настны нийгмийн хөгжилд оролцож үр шимийг нь хүртэх, тэдний эрүүл мэнд, аж байдлыг дэмжих, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, нийгэм, хамт олны оролцоог хангах зорилгоор “Ахмад настны хөгжил, хамгааллын Үндэсний хөтөлбөр” болон “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний шинэчлэлийн хөтөлбөр”-ийг боловсруулж байгааг ч дуулгасан байна.

 

Дээш