МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН САЛБАРЫНХАН ЧУУЛНА
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар энэ сарын 2-3-нд зохион байгуулах Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Мэргэжлийн боловсрол хөгжлийн тулгуур” уриан дор болох улсын хэмжээнд анх удаа болох гэж буй энэ зөвлөгөөнд мэргэжлийн боловсрол сургалтын салбарын 2500 шахам багшийн төлөөлөл 800 хүн оролцох юм.
Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт өнөөдөр төрийн болон төрийн бус өмчийн 84 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж, 38.5 мянган залуус 200 гаруй мэргэжлээр сурч байна.
Олон улсын багш нарын баяртай давхцаж буй зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож мэргэжлийн боловсрол сургалтын салбарын талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, багш нартай санал бодлоо солилцоно.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар шинэ хичээлийн жилийн зорилтоо “Мэргэжлийн боловсрол сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, багшаа чадваржуулах, дадлагын сургалтын чанарыг ахиулах, түншлэлийг шинэ шатанд гаргах замаар сургалтын чанар, суралцагч, төгсөгчийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх” хэмээн тодорхойлсон бөгөөд зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдэлд хүрэх асуудал энэхүү зорилтыг ажил хэрэг болоход чухал нөлөө үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа.
Зөвлөгөөний эхний өдөр “Мэргэжлийн боловсрол сургалтын тогтвортой хөгжил, шинэ хандлага”, “Мэргэжлийн боловсрол сургалтын багшийн хөгжил, нийгмийн асуудал”, “Мэргэжлийн боловсрол сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт” гэсэн сэдвээр гурван салбар хуралдаан болж “МБС-ын салбарын тогтвортой хөгжил-Хөгжлийн шинэ хандлага”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын хөгжлийн хандлага”, “Төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын өнөөгийн байдал, шинэ дүр төрх”, “Дээд боловсролын сургалтын байгууллагын дэргэдэх МСҮТ, Политехник коллежийн өнөөгийн байдал, шинэ дүр төрх”, “Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын өнөөгийн байдал, шинэ дүр төрх” зэрэг олон илтгэлийг хэлэлцэж ойрын болон хэтийн зорилт, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлно.
Салбар хуралдаанд хэлэлцсэн асуудлуудаа багцалж 3-ны өдөр Төрийн ордны Их танхимд болох нэгдсэн хуралдаанд танилцуулж зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.