ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, төрийн зарим үйлчилгээг нэг цэгээр хүргэх “Нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр нийслэл болон 21 аймгийн төвд нэгэн зэрэг зохион байгууллаа.   Сүхбаатарын талбайд болсон өдөрлөгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нээж хэлсэн үгэндээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүхий л үйл ажиллагаа  олон түмэнд нээлттэй, ил тод байх ёстой. Манай салбарт тусламж дэмжлэг хүссэн хүмүүс ханддаг. Тэр хүмүүст ямар нэг чирэгдэл учруулахгүй, хүнд сурталгүй үйлчлэх үүргийг бид төрийн өмнө хүлээж байгаа” хэмээгээд энэ үүргээ биелүүлэхийн тулд хийж хэрэгжүүлж буй ажлаасаа товч танилцуулж, “Нээлттэй өдөрлөг”-өөр иргэд ямар үйлчилгээг авах боломжтой талаар мэдээлэл өгсөн.

 Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг төлөөлж Барилгын политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж оролцож үйл ажиллагаагаа танилцуулсан бол  MCS, “Миний сүлжээ” зэрэг томоохон ажил олгогчдын төлөөлөл энэ өдөр сул ажлын байранд хүмүүсийг бүртгэж, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг арилжааны банкууд мөн оролцсон.

 

 Өдөрлөгийн үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг танилцуулж, салбарын хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг сурталчилж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бэлтгэж буй мэргэжлүүд, сул ажлын байрны тухай мэдээллийг өгөхөөс гадна хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар иргэд хүссэн мэдээллээ авч байсан бөгөөд тэдгээрээс иргэд нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой үйлчилгээг түлхүү авч байлаа.

Тухайлбал, нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулах, шимтгэл төлөлтийн лавлагаа авах, сайн дурын даатгалд хамрагдах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үйлчилгээг олон хүнд үзүүлжээ. Гар утсандаа “Нийгмийн даатгал аппликейшн суулгуулахаар нэлээд олон хүн хандсан гэж байв.

 Мөн гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн асуудлаар сэтгэл зүйчийн зөвлөгөө авах хүсэлтэй хүн олон байв. ХНХЯ хүүхэд хамгааллын шинэ үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж буйн нэг нь “Хүүхэд хамгааллын явууллын үйлчилгээ”-ний автобус юм. Хүүхэд, гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн энэ автобус нийслэлийн алслагдсан дүүргүүдэд ажиллаж, зөвлөгөө мэдээлэл өгөх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж эхлээд байгаа.  

 

Түүнчлэн энэ өдөр ажлын байранд зуучлах, ажил хайгчдыг бүртгэх үйл ажиллагаа явуулсан. Өдрийн цагийн ажилд зуучилдаг “Самушил” хөдөлмөр зуучлалын фирм хамгийн олон хүнд мэдээллээ түгээсэн. БНСУ-д ажиллаж байгаад ирсэн залуус нэгдэж энэ үйлчилгээг нээсэн бөгөөд цагийн ажил хийх сонирхолтйо хүмүүсийг бүртгээд ажиллах хүч авах захиалга ирүүлсэн аж ахуйн нэгжид зуучлахдаа хийсэн ажлынх нь хөлсийг өдөрт нь олгодог учраас хүмүүст нэлээд таалагдаж байсан.

 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгохын хамт  “Насны хишиг”, одонтой ээжүүд, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжид хамрагдах хүсэлтэй хүмүүсээс өргөдлийг нь хүлээн авч шаардлагатай мэдээллийг өгч байлаа. Хүүхдийн мөнгө авах хүсэлтийг шалгаж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх ажлыг мэргэжилтнүүд хийсэн.  

 “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т ирсэн хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах үзлэг хийж, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа тогтоох журам, өвчний жагсаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.Ажлаа тайлагнаж, нийгмийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг” амжилттай боллоо.

Дээш