Сургагч багш бэлтгэж байна
Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, түүний дотор бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг нөхөн сэргээх цогц үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Бүгд найрамдах Солонгос Улсын Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн яамтай хамтран “Монгол улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх” төслийг 2019 оны 05 дугаар 01-ний өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн асуудлаар албан хаагчдын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутагт урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулахад мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилготой сургагч багшийн сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 18-аас 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн Цагдаа, Прокурор, Шүүгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд болон Өмнөговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын холбогдох албан хаагчид нийт 40 гаруй төлөөлөл оролцов.
Тус сургалтад хамрагдсан албан хаагчдад “Сургагч багш”-ийн гэрчилгээ гардууллаа. Сургагч багш нар нийслэлийн зургаан дүүрэг, Өмнөговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зорилтот бүлэгт чиглэсэн сургалт зохион байгуулах юм.
Манай яамнаас Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэн, Хүйсийн тэгш эрх төв ТББ-ыг төслийн гүйцэтгэгч байгууллагаар сонгон, гэрээ байгуулан ажиллаж байна.