УРТ ХУГАЦААТАЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нйигмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг үе  шаттайгаар бууруулж байна.

 Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд зургаан сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 15.0 хувь байсныг зээлийн хугацааг нэг жил, хүүг 12.0 хувь болгон 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны  нэгдүгээр сарын 16-наас эхлэн нэг жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон дахин бууруулсан билээ.

Харин 24 сараас дээш хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 хувь байгааг бууруулах хүсэлтийг ахмадууд байнга гаргадаг. Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам арилжааны банкуудтай урт хугацаанд хамтран ажилласны үр дүнд аравдугаар сарын 1-нээс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулах, хугацааг 24 сар болгох боломж бүрдэв. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай санал нэгдсэн болно. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ.

 Мөн ахмад настны нийгмийн баталгааг хангаж, амьжиргааны тогтмол орлоготой байлгах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг 24 сар болгосноос гадна тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүнд төлж, 30 хувийг өөрт нь тэтгэврээр олгож байхаар шийдвэрлэсэн.Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284 761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн ба ийнхүү зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулснаар илүү эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байгаа.

Дээш