С.ЧИНЗОРИГ: ЗАЛУУЧУУДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ, НИЙГМИЙН ОРОЛЦООГ ХАНГАХАД ТӨРӨӨС ДЭМЖИХ ЁСТОЙ
“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” залуучуудын үндэсний V чуулганд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан. Илтгэлийг толилуулж байна.
Өнөөдрийн энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ Монголын залуучуудын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.Монгол Улс хүн амын насны бүтцийн хувьд залуу орон билээ. Хүн амын маань гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтаж байна. Энэ бол юугаар ч сольшгүй баялаг, эрхэм үнэт зүйл юм.
Бид залуучуудаа эрүүл саруул оюун ухаан, бие бялдартай, эх оронч, хариуцлагатай, боловсролтой, мэдлэгтэй, мэргэжил мэргэшилтэй иргэн болгон төлөвшүүлж, баталгаатай ажил орлоготой, өөрийн гэсэн орон байртай, өмч хөрөнгөтэй болгох талаар тогтвортой, цогц бодлого явуулах үүрэгтэй. Нөгөө талаас залуус та бүхний өөрсдийн хүчин чармайлт, хариуцлага маш чухал гэдгийг энд онцлон хэлмээр байна.
Залуучуудын өмнө тулгарч буй нийтлэг асуудал бэрхшээлийг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж, эрчимтэй өөрчлөгдөж байгаа эрэлт хэрэгцээг хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх, оновчтой бодлого, тодорхой зорилго чиглэл бүхий хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Тийм ч учраас үе үеийн Засгийн газраас залуучуудаа дэмжин тэтгэх бодлогуудыг дэвшүүлсээр ирсэн. Нөгөө талаар, залуучуудын хөгжлийг дэмжих талаар олон улсын гэрээ, конвенциар хүлээсэн үүрэг, амлалт ч бий. Иймээс Монгол Улсын Засгийн газар 1990-ээд оноос хойш хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хүн амын талаар баримтлах бодлогоо 5 удаа, Монголын залуучуудын үндэсний хөтөлбөрийг 3 дахь удаагаа батлан хэрэгжүүлж байна.
Монгол Улсын төрөөс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд батлан хэрэгжүүлж байгаа нь дэлхийн болон бүс нутгийн хүрээнд залуучуудын асуудлаар бие даасан хуультай цөөн орнуудын нэг болсон.Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилт-2030-ийг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж буй өнөө үед манай улс эрэгтэй, эмэгтэй залуучуудыг боловсролд адил эрхтэй хамруулах; ажил хөдөлмөр, бизнес эрхлэх чадвартай техникийн болон техник мэргэжлийн боловсролтой залуучуудын тоог улам нэмэгдүүлэх; жендэрийн эрх тэгш байдлыг хангах; ногоон хөгжлийг цогцлоох; зорилтот бүлгийн, тусгай хэрэгцээт залуучуудыг үр бүтээлтэй хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, зохистой ажлын байраар хангахыг зорьж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2019 оны “Дэлхийн залуучуудын өдөр”-ийн уриаг “Нийгмийг өөрчлөх боловсрол” хэмээн тодорхойлж, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролыг бүгдэд, ялангуяа бүх залуучуудад хүргэж, насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх, ингэхдээ залуучуудын оролцоо, хүчин чармайлтыг илүүтэй дэмжихийг чухалчилж байна.
Энэ жилийн “Дэлхийн залуучуудын өдөр”-ийн үндсэн агуулга, уриаг ийнхүү тодорхойлсноор боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн төлөө улс орнуудын засгийн газар, залуучууд, залуучуудаар удирдуулсан, залуучуудын чиглэлээр ажиллаж буй байгууллагууд, залуучуудын асуудлаар үүрэг хүлээгч бусад талууд хэрхэн хамтран ажиллаж, боловсролын хэлбэр, агуулга, зорилтыг 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж байгааг сорьсон сорилт болж байна.
Хөгжлийг түүчээлэгч боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилтын бусад бүх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно. Өөрөөр хэлбэл, хүн ам ядуурлаас ангижирна; жендэрийн хэвшмэл ойлголт арилна; зохистой, амьжиргаа тэтгэхүйц хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ; нийгэм, байгаль, хүрээлэн буй орчинд хүний үзүүлэх сөрөг нөлөө буурна.
Манай улсын хувьд, залуучуудын хөгжлийг дэмжих сарыг жил бүр тэмдэглэж, залуучуудын хөгжлийн тулгамдсан, сорил болсон асуудлыг тухай бүр дэвшүүлж ирсэн. Энэ жилийн залуучуудын хөгжлийн сарыг “Дэлхийн залуучуудын өдөр”-ийн “Нийгмийг өөрчлөх боловсрол” гэсэн уриан дор тэмдэглэж, залуучууд боловсролтой, зөв төлөвшилтэй, эерэг хандлагатай, хариуцлагатай байснаар нийгмийн хөгжлийг түүчээлэх хүч болно гэдгийг залуучууд, олон нийтэд уриалж байгаа юм. Гэхдээ Монгол Улсын төрөөс залуучуудыг бүх талаар дэмжих бодлого, үйл ажиллагаа зөвхөн энэ сараар хязгаарлагддаггүй, төрийн бодлого, хөтөлбөрт тусгагдаж тасралтгүй хэрэгждэг гэдгийг Та бүхэн мэднэ биз ээ.
Залуучууд аа,
“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” залуучуудын хөгжлийн үндэсний 5 дугаар чуулганы хүндэт зочин болж, улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Та бүхэн бол манай улсын нийт хүн амын 33, хөдөлмөрийн насны хүн амын 50 орчим хувийг эзэлдэг хүн амын томоохон бүлгийн төлөөлөл билээ.
Та бүхэнд өргөн боломж, олон сонголтоос гадна үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурах, хөгжих нээлттэй нийгэм байна. Энэ нийгэм өрсөлдөөнт нөхцөл, шинийг сэтгэх, шийдлийг олох, шийдвэр гаргах хурдыг шаардаж байна.Ингээд энэ цаг үед залуучуудын талаар баримталж буй бодлого, зорилтынхоо талаар та бүхэнтэйгээ товчхон саналаа хуваалцья.Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн үндсэн 5 чиглэлээр залуучуудын хөгжлийг дэмжихээр заасан.
Залуучуудын хөгжлийг дэмжих, бодлого, хууль, эрх зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэхэд юуны өмнө үндэсний, орон нутгийн, салбарын оновчтой бүтэц, тогтолцоо чухал юм. Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд залуучуудын асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулж, аймаг дүүрэг бүрт хөгжлийн төвтэй болж, түүнчлэн Ерөнхий сайдын тэргүүлсэн, иргэний нийгмийн байгууллагууд, залуу эрдэмтдийн төлөөлөл бүхий салбар дундын Залуучуудын үндэсний зөвлөл, орон нутагт аймаг, сумын Засаг даргаар ахлуулсан салбар зөвлөл 2018 оноос ажиллаж байна.
Орон нутагт Залуучуудын хөгжлийн төвүүд, төвийн дэргэдэх залуучуудын зөвлөл, сонирхлын клуб, дэмжих бүлгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, амьдрах ухаан, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн бүлгийн/ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг хүргэж байна. Тус төвүүдэд 2018 онд нийт залуучуудын 42 хувь нь хандаж үйлчилгээ авсан байна. Залуучуудын хөгжлийн төв нь залуучууд дуу хоолойгоо нэгтгэх, тэдний эрх, ашиг сонирхолд нөлөөлөх аливаа бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, орон нутгийн төсвийн хуваарилалт зэрэгт санал тусгах боломжийг олгож байна.
Залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдрах ухаан, зөв дадлыг төлөвшүүлэх аян, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалын хэрэгцээ, ач холбогдлыг таниулан сурталчилснаар их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад элсэн суралцаж буй 1 дүгээр курсын оюутнууд 100 хувь, бусад курсын оюутан, залуучуудын 80 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Мөн оюутныг эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт харъяалал харгалзахгүй хамруулж байна.
Залуучуудын сурч хөгжих боломжийг нэмэгдүүлж “Оюутны хөгжлийн зээл”-ийг санхүүгийн бололцоогүй, 2.8-аас дээш сургалтын голч оноотой, амжилттай суралцагч оюутан, залуучуудад хүүгүй, хамтран зээлдэгчгүй, барьцаагүй, ажлын байранд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож байна. Тус зээлд 2018 онд нийт 9231 оюутан, суралцагчид хамрагдаж, 13.1 тэрбум төгрөгийн зээлийг аваад байна. 2019 оны төсөвт Оюутны хөгжлийн зээлд ойролцоогоор 11000 оюутан хамруулж 33 тэрбум төгрөг зарцуулна гэж төлөвлөсөн. Мөн 2012 оноос өмнө дотоод, гадаадад суралцагч залуучуудад олгосон зээлийг Засгийн газрын тогтоолоор чөлөөлж байсан бол 2013 оноос Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар гадаадад суралцагчдын зээлийн гэрээний биелэлтийг тооцож чөлөөлж байна.
Хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг эзэлдэг залуучуудын эдийн засгийн оролцоог дэмжиж, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсвөөс болон гадаадын улс орнуудын дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, аймаг, нийслэл, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвүүд 2018 онд хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө, үйлчилгээг 5000 орчим залууст хүргэснээс түр болон байнгын ажлын байранд 2684, ажлын байранд 3500 гаруй залуучуудыг зуучилж, залуучуудын гарааны бизнесийн 74 багт 570 сая төгрөгийн буцалтгүй, эргэн төлөгдөх тусламж, дэмжлэгийг үзүүлсэн.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлдэг Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 750 гаруй залуучуудад 100 хувь эргэн төлөгдөх гарааны бизнесийн, бараа бүтээгдэхүүний борлуулалтын, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт зэрэг 2.3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлж, 2300 орчим залуусыг аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулсан бөгөөд 2019 онд 3500 залуусын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжихэд 5,8 тэрбум төгрөгийг төсөвлөн хэрэгжүүлж байна.
Гадаадын улс орнуудын дэмжлэг туслалцаатайгаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг мөн дэмжиж байна. Тухайлбал, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр 8 аймаг (Өмнөговь, Дархан-уул, Баянхонгор, Ховд, Говь-алтай, Завхан, Увс, Баян-Өлгий), 2 дүүрэг (Хан-Уул, Баянгол)-т хэрэгжиж байна. Энэ төсөл нь залуучуудын бизнес төслийг залуучуудын оролцоотой шалгаруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн томоохон бизнес эрхлэгчдэд сурталчлан санхүүгийн эх үүсвэрийг дэмжих, цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм. Тус төслийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг үйлчилгээний загвар төвийг 4 аймаг, 2 дүүрэгт нийт 190 сая төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлтэйгээр байгуулж, залууст хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүргэж байна. Төслийн онцлог болох орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа хийх аргачлалыг нэвтрүүлэх сургалт, судалгааг мөн хийж байна.Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн боловсролын салбарт түлхүү анхаарч, залуучуудад техникийн нарийн мэргэжил эзэмшүүлж мэргэжилтэй ажилтны тоо, чанарыг нэмэгдүүлэх бодлого баримталж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэгийг олгож байна. Цаашид тэтгэлгийг нэмэгдүүлэхээр зорилт тавьж, тооцоо судалгааг хийж байна.
Өсвөр үе, залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх ажлын хүрээнд “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал, энэ онд үндэсний хэмжээнд зохион байгуулсан тус аянд төрийн болон төрийн бус, ажил олгогч 360 орчим аж ахуйн нэгж, байгууллага хамтран ажиллаж, 23,300 орчим сурагчийг хамруулсан. Мөн үндэсний томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран Мэргэжил сонголтын аяллыг 09-10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Залуучууд, залуу гэр бүлийн бие даан амьдрах орчин нөхцлийг сайжруулах үүднээс “Орлоготой нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөл бүхий орон сууцны талаарх мэдээллийг залуучуудад хүртээмжтэй болгох”, “Залуу гэр бүлийг орон сууц худалдан авахад ипотекийн зээлийн бодлогоор дэмжих”-ээр Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт тусгалаа.
Монгол банк болон Монгол Улсын Засгийн газар хамтран орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь зах зээлийн зарчимд суурилсан төрийн оролцоог бий болгох, орон сууцны санхүүжилтийн тогтвортой, урт хугацааны тогтолцоог бэхжүүлэх, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 1.4 хувийг 18-25 насны иргэд, 43 хувийг 25-35 насны иргэд эзэлж байна. Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 дугаар тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинэчилж, Улаанбаатар хотоос түрээсийн орон сууцанд нийт иргэдийн 20 хувь, орон нутгаас хамрагдах иргэдийн 10 хувь нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүл, 5 хувь нь 18 хүртлэх настай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, 25-30 хувь нь төрийн албан хаагч, 20 хувь нь хувиараа бизнес эрхлэгч, 10 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байхаар тусган хэрэгжүүлж, залуу гэр бүлийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж байна.
Нийт хүн амын 33.7 хувийг эзэлдэг залуучуудын бодит оролцоог дэмжих төрийн, иргэний нийгмийн, олон улсын байгууллагуудын гурвалсан уулзалтыг мэдээлэл солилцох төдий бус хамтын ажиллагааг зөвшилцөх дэвшилтэт хэлбэрээр сар бүр тогтмол зохион байгуулж хэвшлээ.
Залуучуудын нийгмийн сайн сайхны төлөө оролцоог дэмжиж, нийтэд тустай болон гамшгаас хамгаалах, хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа манлайлан оролцсон залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцсэн бол давуу тал болгон тооцохыг журмаар зохицууллаа. Мөн “Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ыг баталж, залуучуудын сайн дурын ажлыг бүртгэн баталгаажуулж, ажлын туршлагад тооцдог боллоо.
Мөн “Залуучуудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хөтлөх журам”-ыг Үндэсний Статистикийн Хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Тус журам нь залуучуудтай холбоотой статистик мэдээллийг цуглуулж нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийж бодлого арга хэмжээнд тусгахад чухал ач холбогдолтой юм.
Цаашид:
Нэгдүгээрт, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хөтөлбөр, арга хэмжээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
Хоёрдугаарт, залуучуудын нийгмийн оролцоог дэмжих, нийгэмд тустай ажил үйлсэд манлайлан сайн дураар оролцох залуучуудын идэвх, санаачлага, сонирхлыг дэмжих, залуучуудын манлайллыг нэмэгдүүлэх;
Гуравдугаарт, залуучуудын оролцоог бүхий л хэлбэрээр нэмэгдүүлэх, залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, орон нутагт хүрч үйл ажиллагаагаа зохион байгуулах чадавхийг нэмэгдүүлэх, үүнд гадаадын болон олон улсын байгууллагын туршлага, сайн жишээг тусгах, хамтрахыг зорьж байна.
Чуулганы төлөөлөгчид өө, залуучууд аа,Монгол бол залуусын орон. Та бүхэн энэ улсын эзэн нь учраас эх орныхоо нийгэм, эдийн засгийн хамгийн хүнд ачааг үүрэлцэж, хамгийн оновчтой зөв шийдлүүдийг олоход оролцох ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” сэдэвт энэхүү чуулгандаа идэвхитэй оролцож, өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа нухацтай ярилцаж, шийдлийг эрэлхийлэх, хэрэгжүүлэхэд манлайлан оролцоно гэдэгт итгэж байна.
Залуучууд та бүхний санаачилга, шийдэл, мөрөөдөл, тэмүүлэл, эрэл хайгуулыг амжилтад хүргэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлье.Үндэсний чуулганы төлөөлөгчид та бүхний ажил, амьдралд амжилт хүсч, сайн бүхнийг хүсэн ерөөе.