Дэлхийд эх орноо төлөөлөх залуус Төрийн далбаагаа гардлаа

Мэргэжилтэй ажилчдын ур чадварын олимп хэмээн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд оролцох багийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар өнөөдөр хүлээн авч уулзлаа.

            Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөхөөр шалгарсан залууст амжилт хүсч хэлсэн үгэндээ Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын салбараар бэлтгэгдэн гарсан мянга мянган мэргэжилтэй ажилтнууд эх орныхоо хөгжлийн түүхэн үе бүрт бодитой хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон дурдсан.

            Тэрбээр мөн хоёр жил тутам болдог энэ том тэмцээнд монгол залуус гурав дахиа оролцох гэж буй бөгөөд 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсад болсон 44 дэх тэмцээнээс гагнуурын мэргэжлийн оролцогч тусгай байрын шагнал хүртсэн амжилтыг тэмдэглээд “Мэргэжлийн боловсролын салбарын шилдгийн шилдэг оролцогч та бүхэн мэргэжлийн ур чадвар, мэдлэг, туршлагаа солилцон, өөрийгөө харуулах, өөрийгөө сорьж нээх энэхүү боломжоо ашиглан 2017 оны амжилтаа бататган, ахиулна гэдэгт найдаж итгэж байна” гэсэн юм.

            Эх орныхоо ирээдүйг ур чадвараараа цогцлоох эдгээр залуусыг Монгол төрийнхөө алтан соёмбот далбаан дор нэг баг болж, нэг зорилгын төлөө улсынхаа нэрийг дуурсган тэмцээндээ амжилттай оролцоод ирэхийг бэлгэдэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх  энэ сарын 22-28-нд Казанийн тэнгэрт мандуулах Төрийн далбааг  багийн ахлагч ХНХЯ-ны Мэргэжлийн боловсролын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаад гардуулан өглөө.

Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэнээр тус байгууллагаас хоёр жил тутам зохион байгуулдаг ур чадварын тэмцээнд оролцох эрхтэй болсон бөгөөд 2015 онд Бразилийн Сан Пауло хотноо 43 дахь удаагийн тэмцээнд анх удаа монгол залуус ур чадвараа сорьсон билээ. Дэлхийн 59 орны 1186 оролцогч 50 мэргэжлээр өрсөлдөхийг 259 мянга гаруй хүн үзэж сонирхсон гэсэн статистик бий. Монгол Улс анхныхаа тэмцээнд гагнуур, цахилгаан, сантехник, өрөг угсралт, мужаан, тогооч, үсчин, токарь, гоо сайханч гэсэн есөн мэргэжлийн төрлөөр оролцож байв.   

2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсад болсон 44 дэх удаагийн тэмцээнд  59 орны  1300 гаруй залуус 51 мэргэжлээр ур чадвараа сорьж, 125 мянга гаруй хүн үзэж сонирхсон байна. Энэ тэмцээнд Монгол Улс гагнуур, цахилгаан, сантехник, өрөг угсралт, мужаан, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдөж, гагнуурын мэргэжлийн оролцогч  “Үндэсний ялагч”-аар тодорсон.

 

Энэ сарын 22-28-нд ОХУ-ын Казань хотноо болох Дэлхийн ур чадварын 45 дахь тэмцээнд 63 орон оролцоно. Нийт 1300 шахам залуу 56 мэргэжлийн төрлөөр өрсөлдөх бөгөөд манай улс найман мэргэжлээр оролцохоор багаа бүрдүүлээд бэлтгэлээ хангаад байгаа юм. Дэлхийд эх орноо төлөөлөх багт Герман-Монголын МСҮТ-ийн суралцагч Т. Оюун-Эрдэнэ гагнуур, “Ховд-Хөгжил” политехник коллежийн оюутан С. Дашдэрэм /сантехник/, Барилгын политехник коллежийн оюутан Г.Анх-Учрал /өрөг угсралт/, Налайх МСҮТ-ийн Э.Рэнчин-Очир /цахилгаан/,  Техник технологийн политехник коллежийн Н.Батбуян /мужаан/, Налайх МСҮТ-ийн Т.Цогтсайхан /токарь/, Хүнс технологийн политехник коллежийн Л.Чибаяр /тогооч/,  Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн Н.Гэрэлт-Од /үсчин/ нар багтсан.

Дээш