С.Чинзориг сайд нийслэлийн удирдлагуудтай уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагуудтай  ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан, Зам тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцсон.

Конгрессын бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгав

Хотын удирдлагуудтай санал солилцсон эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн, хамруулан хөгжүүлэх нь”  Ази, Номхон далайн бүсийн орнуудын IV  конгрессын бэлтгэл ажлын талаар байв.

С.Чинзориг сайд Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Конгресст бэлтгэх үндэсний хороог тэргүүлж буйн хувьд Монгол Улсад анх удаа болж буй энэхүү конгресст оролцох 600 гаруй төлөөлөгчийн 200 гаруй нь гадаадын зочид байх бөгөөд нийт оролцогчдын 50 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх учраас бэлтгэл ажил ялангуяа дэд бүтэц, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатайг онцолж тодорхой үүрэг даалгаврыг өглөө.  Хамгийн наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгох зорилгоор "Чингис хаан" нисэх буудал, хуралдаан болох "Шангрила" зочид буудлын орчим болон зочдыг байрлуулах 18 зочид буудал, томоохон үзвэр, үйлчилгээний газруудад хийсэн хүртээмжийн үнэлгээний ажлын дагуу тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэд төвөггүй зорчих зам, орц, гарцыг бий болгох, засч сайжруулах, ариун цэврийн өрөөг стандартын дагуу тохижуулах ажлыг хийх хэрэгтэй байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжоор хангах нь хотын үүрэг бөгөөд конгресст бэлтгэх асуудалтай холбоотойгоор зарим тохижилтын ажлыг эхлүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саад учруулж буй хашаа, хайсыг буулгаж байгаа гэдгээ хэлээд, мөн конгрессын бэлтгэлтэй холбоотойгоор шаардлагатай арга хэмжээг яаралтай авахын тулд холбогдох газруудад чиглэл өгч, хамтран ажиллана гэдгээ хэлсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууламжуудын газрын асуудлыг шийдэхээр боллоо

С.Чинзориг сайд хотын удирдлагуудтай хүүхэд, гэр бүл, халамж, хөдөлмөр эрхлэлт, даатгал гээд тулгамдаад буй олон асуудлаар мөн ярилцаж, санал солилцсон. Тухайлбал, Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор бөгөөд 250 хүүхдэд өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна 250 хүүхдийг хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай. Ирэх зургадугаар сарын 1-нд албан ёсоор нээлтийг нь хийж үйл ажиллагааг нь эхлүүлэх гэж буй тус төвийн газрын гэрчилгээ Баянгол дүүргийн Тамгын газрын нэр дээр байдаг. Үүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэр дээр шилжүүлж өгөхийг хотын даргаас хүссэн. Мөн тус төвийн гадна тохижилтын ажил хийх, гүүрэн гарц барихад газрын асуудал хөндөгдөж байгааг ч шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ асуудлыг судалж нэн даруй шийдвэрлэх үүргийг Газар зохион байгуулалтын албаныхандаа өгсөн. 

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборыг тив, дэлхийн хэмжээний тэмцээн явуулах боломжтой заал, талбайтайгаас гадна фитнесс, жүдо бөх, хүндийн өргөлт, таэквондо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонхот бөмбөг, буудлага зэрэг пара спортын 10 төрлөөр зэрэг хичээллэх боломжтой олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий танхимуудтайгаар барихаар болсон бөгөөд манай талаас газрын асуудлаа шийдэх үүрэг хүлээсэн бөгөөд Хан-Уул дүүрэгт өгсөн газар нь ТОСК-ийн нэр дээр байдаг, Хөгжлийн банкинд барьцаанд тавьсан байгааг шийдвэрлэх зорилгоор манай яам дээрх хоёр байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж газрын асуудлыг шийдвэрлэхийг хичээж байна. Гол нь энэ газар хотын захад учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирж очиход хүндрэлтэй байгааг харгалзан байршлынх нь хувьд дахиж судалж үзэх боломж байгаа эсэхийг ярилцлаа. Хотын зүгээс энэ асуудлыг судалж боломжит байршлуудын талаар саналаа нэгтгэж танилцуулахаар боллоо. 

Уулзалтаар ярилцсан бас нэг асуудал нь Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газар юм. 5220 га газартай байсан “Найрамдал”-ын газрыг 2009 онд тусгай хэрэгцээт газрын жагсаалтаас гарган иргэд, аж ахуйн нэгжид хувааж өгсөөр одоо ердөө 1200 га үлдсэн тул үүнийг анхааралдаа авахыг хотын даргаас хүслээ. Нийслэлийн зүгээс тэнд цаашид газар нэмж олгохгүй байх, зарим зөвшөөрлийг нь эргэж харахаар боллоо.

 

Дээш