"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, БНСУ, Япон улсын төлөөлөгчид, МҮЭХ, МАОЭНХ болон салбарын яамд, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл нийт 800 гаруй төлөөлөгч оролцлоо.
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлж, чанаржуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал чухлаар тавигдаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн билээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн бодлогын үндэс нь “Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах” - д чиглэдэг. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилгоор манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн ба 5 дахь хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоолоор олон улсад хэрэгжүүлж буй Вишн Зеро /Vision zero/ буюу ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөний зорилго, зорилттой нийцүүлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа болон энэ чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх зорилтынхоо талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүүл ахуйн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" илтгэлийг тавьсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогыг УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар танилцуулж, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд гйүцэтгэх захирал Х.Ганбаатар нар байр сууриа илэрхийллээ.
Чуулганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлага, сургамжийн талаар үнэтэй зөвлөгөө, мэдээллийг БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлаг /КОША/-ийн дэд ерөнхийлөгч Ли Чүл Во, Японы “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөх Хироши Накашима нар өгсөн.
Үндэсний чуулганаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвээр гурван салбар хуралдааныг зохион байгуулж, төлөөлөгчдийн санал бодлыг үндэслэсэн санал дүгнэлт дээр тулгуурласан Зөвлөмжийн төслийг гаргалаа.
Тус зөвлөмжөөр Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох, нөхөн сэргээх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, Сургалт, судалгаа, статистик, мэдээллийг хөгжүүлэх чиглэлүүдийг тусган ажиллахаар боллоо.