“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн”-д төрийн өндөрлөгүүд мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жил, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн Төрийн ордны их танхимд боллоо.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ, Засгийн газрын төлөөлөл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үе үеийнхэн, нийгмийн түншүүд, хамтран ажиллагсад, олон улсын байгууллагынхан нийт 800 гаруй хүн оролцсон.

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг албан ёсоор нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр дэлхий дахинд хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, 2030 он гэхэд 600 саяас дээш ажлын байр шинээр бий болгох хэрэгцээ байгаа боловч технологийн дэвшил хүний хөдөлмөрийг бүрэн орлох чиглэлд давшингуй амжилт олж байгаа нь ажиллах хүчний бүтцэд сөргөөр нөлөөлөх хандлага бий болгож буйг дурдаад “Манай орны хувьд хүн амын гуравны нэгээс дээш хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байсан байдал өөрчлөгдөж, 2025 онд 25 хувь болж буурах бөгөөд хөдөлмөрийн насны хүний тоо нэмэгдэж, “хүн амын цонх” үе 2030-аад он хүртэл үргэлжлэх төлөв байна.

Манай улсын хөдөлмөрийн нөөц оргилдоо хүрч, түүнийг дагаад бүтээмж бий болгох боломж бүрдэнэ. Гэтэл ийм нөхцөл байдалд бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийн балансыг тэнцвэржүүлэх, дундаж цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр ирээдүйг харсан бодлого тулгамдаж байна. Бүс нутгийн хүрээнд бусад улстай харьцуулахад манай улсын хөдөлмөрийн дундаж хөлс бага хэвээр байна. Тиймээс энэ байдалдаа дүн, шинжилгээ хийж, тодорхой бүтээлч ажил хийх хэрэгтэй. Ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй” хэмээсэн юм. Ерөнхийлөгч мөн хэлсэн үгэндээ гадаадад ажиллахаар яву буй урсгалыг зогсоохын тулд ажлын байр болон хөдөлмөрийн хөлсний зохистой хамаарлыг бий болгох ёстой бөгөөд Монголын төр, Монголын Засгийн газар монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаарах ёстойг хэлж байлаа.

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн”-д УИХ-ын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОУХБ-ын Ерөнхий захирлын орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн  захирал Томоко Нишимото нар мэндчилгээ дэвшүүлсэн.УИХ-ын дарга ирүүлсэн мэндчилгээндээ өнгөрсөн 60 жилийн хугацаанд хөдөлмөрийн салбар бодлого, зорилгоо тодорхойлж, хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өрөгжүүлж, мэргэшсэн хүний нөөцтэй, бие даасан бүтэц тогтолцоотой Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг салбар болон хөгжиж ирснийг тэмдэглээд “Цаашид УИХ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тодорхойлох хүрээнд Хөдөлмөрйин тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн хамгааллын хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон холбогдох бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн батлахаар ажиллаж байна. Эдгээр болон бусад хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд улс орны хөдөлмөрийн зах зээлийг дэлхйин хөгжлийн чиг хандлагатай нйцүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг тэлэх, хөдөлмөр эрхлэлтийг уян хатан зохицуулалт хийх улмаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулахнийт хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломжууд бий болох юм” хэмээгээд Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жил, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ. 

 

 

Дээш