С.Мөнгөнчимэг: ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно гэдэгт итгэлтэй байна
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган энэ сарын 20-нд болно. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-д Монгол Улсын Шадар сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, ОХУ, БНСУ, Япон улсын төлөөлөгчид, МҮЭХ, МАОЭНХ болон салбарын яамд, 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл гээд нийт 700 гаруй төлөөлөгчид оролцоно. Гурван салбар хуралдаанаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхцөл байдалд дүгнэлт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналтын тогтолцоог сайжруулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ажиллагчдын ойлголт, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэнэ. Мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн судалгаа, тооцоолол, ажлын байр бүрдүүлж байгаа ажил олгогчдын санал, ажилтнуудын байр суурь, эрдэмтэдийн шинэ бүтээлч оновчтой шийдлийг хэлэлцэж, төрийн бодлогод тусгах үнэтэй зөвлөмж, санаачлага гарна гэдэгт итгэж байна.
-Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахин биелүүлэхэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Монгол Улсад ХАБЭА-н хууль эрх зүйн тогтолцоо бүрэлдэн бий болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хөтөлбөр, 140 орчим стандарт, 10 гаруй дүрэм журам үйлчилж байгаа. Гагцхүү аж ахуйн нэгж, байгууллага, компаниуд ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлдэггүй, ХАБЭА-н ажилтан, алба, хэлтсийг зохих орон тоогоор ажиллуулдаггүй, ХАБЭА-н арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө зардал гаргадаггүй зэрэг нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад тодорхой нөлөө үзүүлж байна. Тиймээс сүүлийн жилүүдэд гарсан ослын нөхцөл байдалд дүгнэлт хийж, ослыг гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, дотоод хяналтыг ажил олгогчийн талаас сайжруулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах, ХАБЭА-н сургалт зааварчилгааг чанаржуулж, тогтмолжуулахад холбогдох байгууллагууд хамтран ажиллах, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
-Одоо мөрдөж байгаа хууль эрх зүйн орчны талаар та ямар бодолтой байдаг вэ. Ахиц дэвшил байгаа л байх?
-Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилгоор манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 1997 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөрийг 2017 онд шинэчлэн баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үндэсний 5 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 22 жилийн хугацаанд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн 155 дугаар конвенц”-д 1997 онд нэгдэн орсон. 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай болсон. 2012-2016 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны стандартуудыг үндэсний стандарт болгосон зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн тогтолцоонд томоохон ахиц дэвшил гарсныг онцлохгүй өнгөрч боломгүй.
Нэг үеэ бодвол гарч байгаа дэвшил, олж байгаа ололт, ахиж байгаа ахиц бас чиг чамлахааргүй ээ. Албан байгууллагууд үзлэг, шинжилгээнд ажилчдаа хамруулах нь эрс нэмэгдсэн гээд эерэг өөрчлөлт ажиглагдаж байгаа.
Бүх зүйл болохгүй байна гэж хийсэн болгоноо харлуулж, үгүйсгэж биш алдаа оноо байвал засч залруулж, улам эрчимжүүлж, илүү төлөвлөж, хамтдаа хичээж байж л хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, эрүүл, аюулгүй орчинд амьдарна. Хүний хандлага маш чухал. Насанд хүрэхээрээ л зөв хэвшилтэй болно гэж үгүй. Тиймээс балчир багаас нь, цэцэрлэгийн хүүхдээс л эхлэн бага багаар ухааран ойлгуулж, өөрийгөө ч, бусдыг ч хамгаалах тэр хэвшлүүдийг дадал болгож, аюулгүй байна гэдэг бүх хүний хичээл зүтгэл гэдгийг тархи оюунд суулгачихвал нөхцөл байдал эрс өөрчлөгдөх болов уу гэж боддог. Хөдөлмөрийн аюулгүй байдал хувь хүний дадал, хэвшил төдийгүй өөрөө маш том соёл гэж үздэг юм билээ. Тиймээс сургалтын хөтөлбөрүүдтэй уях, соён гэгээрүүлэх, мэдээлэл хүргэх, сурталчлах ажлыг далайцтайгаар өргөжүүлэхэд анхаарч байгаа.
-Осол гэмтлийн тоо буурч байгаа гэсэн статистик үзүүлэлт байна лээ. Энэ нь хэр бодиттой вэ?
-Монгол Улсын хэмжээнд 1986-1990 онуудад жилд ойролцоогоор 2000 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан. Бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо 1991 онд 918, 1992 онд 308 болж огцом буурсан гэсэн статистикийн тоо баримт бий. 1992 оноос хойш жилд дунджаар 400-аад осол, гэмтэл бүртгэгдсээр ирсэн байна.Эрдэнэт хүний амь настай холбоотой учраас осол гэмтлийг тэглэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах учиртай. Тиймээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, мэдээлэх тогтолцоонд дүгнэлт хийх, улмаар үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах, мэдээлэхгүй, бүртгэгдэхгүй байгаа нөхцөл, байдлыг тодруулан судалгаа, шинжилгээ хийх зайлшгүй шаардлага байна.
Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2014 онд 113 мянга гаруй байсан бол 2018 онд 33.2 хувиар нэмэгджээ. 2009-2018 онд 439 аж ахуйн нэгж байгууллагын 7650 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээ хийхэд 51.3 хувь нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй гэсэн дүн мэдээ гарлаа. Манай улс химийн бодисын үйлдвэрлэл хөгжөөгүй, хэрэглээ бага, түүнд тавих хяналт, бүртгэл хангалтгүй байдгаас ажилтнууд хурц хордлогод өртөх тохиолдлууд гарсаар л байна.
Энэ нь ажилтнуудыг ажлын байрны эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй орчинд ажиллуулж, үүний улмаас эрүүл мэнд, бие махбодод сөрөг нөлөөлөл үзүүлж, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгт өртөх нөхцөлийг бүрдүүлж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, ажилтан хүнийг эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг, стандартын улсын үзлэг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”, “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллагад хяналт-үнэлгээ хийх зэрэг арга хэмжээг салбарын болон орон нутгийн түвшинд зохион байгуулж хэвшээд байна. Цаашид аюулгүй ажлын байр бүрдүүлсэн ажил олгогчийг урамшуулах, дэмжих гээд анхаарах, сайжруулах асуудлууд олон бий.
-Сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх талаар шинэлэг ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх, сургагч багш бэлтгэх тогтолцоо хангалтгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үндэсний хэмжээний тогтолцоо бий болгох, сургалт зохион байгуулах хүний нөөц бүрдүүлэх, чадавхжуулах хэрэгцээ чухлаар тавигдаж байна. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтны сургалтын ахисан түвшний шаттай модуль хөтөлбөр, сургагч багшийн модуль хөтөлбөрийг энэ онд боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа.
“Химийн хорт бодисын хор аюулыг лавлан мэдээлэх хуудас /MSDS/-ны цахим мэдээллийн сан”-г бий болгох, аж ахуйн нэгж байгууллага осолд дөхсөн тохиолдол бүрийг судлан бүртгэж байх зэрэг зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагүйгээр боловсруулж хэрэгжүүлэх боломжгүй юм. Энэ хүрээнд ажлын байрны нөхцөлийн түүвэр судалгаа, үйлдвэрлэлийн осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн улмаас учрах нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгаа хийх ажлыг эхлүүлээд байгаа.
-ХАБЭА-н Үндэсний хорооны талаар товчхон мэдээлэл өгнө үү. Энэ талаар иргэдийн дунд мэдээлэл дутмаг байдаг нь ажиглагддаг л даа?
-ХАБЭА-н Үндэсний хороо 2009 оноос Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулагдан үйл ажиллагаа нь тогтмолжоод 10 жил болж байна. Одоогоор салбарын 8 яаманд ХАБЭА-н салбар хороо, 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд ХАБЭА-н зөвлөл ажиллаж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөл нь салбар, орон нутгийн онцлогт нийцүүлэн ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой бодлого боловсруулж хэрэгжилтийг хангаж ажилладаг юм.
Үндэсний хорооны дэргэд ХАБЭА-н стандартын дэд хороо, Бичил уурхайн ХАБЭА-н дэд хороо ажилладаг. Стандартын дэд хороо нь ХАБЭА-н стандартыг шинээр батлуулах, шинэчлэх, дахин хянах, олон улсын стандартыг үндэсний стандарт болгох зэрэгт дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. Бичил уурхайн дэд хороо нь бичил уурхайд ажиллагсдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж нөхцөлийг бүрдүүлэх ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийг хангуулж, ҮОМШӨ-нөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг гэж ойлгож болно.
Эх сурвалж: Өглөөний сонин