Хүүхдийн зуслангийн стандартыг баталлаа

Монгол Улс хүүхэд багачуудын эрүүл аюулгүй өсч торних, сурч боловсрох, хөгжих орчин болон хүүхэд хамгааллын үйлчилгээний стандартыг тогтоох үүрэгтэй   Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороотой болсон. 

 Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд хамгааллын орчин, хүүхэд хамгааллын үйлчилгээний стандартыг тогтоох, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхтэй холбоотой үйлчилгээний наад захын хэм хэмжээг бий болгох хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний стандартчиллын техникийн хороог байгуулах саналыг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлсэн. Тус газрын даргын тушаалаар өнгөрсөн гуравдугаар сард Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороог шинээр байгуулж, бүрэлдэхүүнийг хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгч төрийн байгууллагууд, хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөллөөс оруулан баталсан юм.

Шинэ байгуулагдсан техникийн хороо энэ сарын 19-нд анхны хурлаа хийж Хүүхдийн зуслангийн стандартын төсөл, Хүүхдийн дотуур байрын стандартын төсөл, Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын стандартын төслийг хэлэлцэж баталлаа.

Хурлын үеэр хорооны гишүүд хүүхдэд зориулсан хөгжил, хамгааллын үйлчилгээний болон орчны стандартуудыг бий болгосноор   хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, сурч боловсрох эрхийг хангаж, аюулгүй байдлын зохицуулалт бүрдэнэ гэдгийг онцлоод хэлэлцэж буй стандартуудтай холбоотойгоор санал бодлоо илэрхийлсэн. Тухайлбал, зуслангийн стандарт нэн чухал байна, стандартгүйгээс мэргэжлийн бус аж ахуйн нэгж байгууллагууд хүүхдийн зуслан байгуулж зуны улиралд ашиг олох зорилгоор ажиллуулах эрсдэл бий. Зуслангийн стандарттай болсноор хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амрах, мөн  мэргэжлийн бэлтгэгдсэн хүн зусланд багшаар ажиллах боломжтой болж буй юм байна.  

Мөн энэ хурлаар Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал, ерөнхий шаардлага, стандартын төслийг хэлэлцэн баталж, ЕБС-д суралцагчдын дотуур байрны орчин, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, стандартын төслийг дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

ХНХЯ-аас хөгжих, оролцох эрхийг хангах, хүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс хамгаалахад анхаарч Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага, MNS6751:2019 стандарт, Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрны үйлчилгээний нийтлэг шаардлага, стандартыг тус тус боловсруулж, батлуулсан.

 

Дээш