С.Мөнгөнчимэг:Автын мэргэжлээр элсэгчдийн тоо нэмэх боломжтой
Мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж автомашины засварчин мэргэжлийн сургалтын орчныг сайжруулж 540 ам метр талбай бүхий гурван лаборатори, багш нарын өрөө, дадлагын байр бүхий сургалтын газрыг шинээр байгуулж ашиглалтад хүлээж авлаа.
Сургалтын газрын нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг оролцож хэлсэн үгэндээ автомашины засварчны мэргэжлийн дадлагын газар нь ажил олгогчийн ажлын байрны шаардлагад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж бүрэн хангагдсан, суралцагчид ур чадвар эзэмшин аюулгүй орчинд сургалтын танхим дадлагын газрыг хослуулснаараа давуу талтайг дурдаж ирэх хичээлийн жилд автын мэргэжлээр элсэгчдийн тоог нэмэх боломж олгож буйг онцоллоо.
Тэрбээр мөн Үйлдвэрлэл урлалын политехник коллежид автомашины засварчин мэргэжлийг сонгон суралцаж буй залуусын сурах орчин, багш нарын ажиллах нөхцөл сайжирч ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чухал нөлөө үзүүлэх бүтээн байгуулалтын ажлыг хийсэн Ж.Пүрэвцэрэн захиралтай “Эсү менежмент” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.
Тус сургуулийн хувьд автомашин засварчны мэргэжлээр төгсөгчдийн ажил эрхлэлт 70-аас дээш хувьтай бөгөөд энэ хичээлийн жилд уг мэргэжлээр анхан болон техникийн боловсролын түвшинд 130 гаруй суралцагч суралцаж байгааг Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав зочдод танилцуулсан.
Нээлтийн ёслолд "Эсү менежмент” ХХК-иас гадна "Авто ойл" ХХК, “Делюкс” төв зэрэг автын мэргэжлийн 20 гаруй ажил олгогч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчинтой танилцаж цаашид төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжиж хамтран ажиллахаар боллоо.