Тусгай олимпод амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 8-22-нд болсон Тусгай олимпийн наадамд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж 19 медальтай ирсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /2019-03-25/ боллоо.
Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болсон уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан оролцож тамирчин хүүхдүүд, дасгалжуулагч багш нарт болон Тусгай олимпийн хорооны хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.
Оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад спортоор дамжуулан урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүүхдийн нэгэн адил хөгжүүлэх, нийгэмд таниулж хүлээн зөвшөөрүүлэх том зорилготой Дэлхийн тусгай олимпийн хорооноос хоёр жил тутам өвөл, зуны наадмыг насанд хүрэгчид болон хүүхдийн гэсэн ангиллаар 1968 оноос хойш хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулж ирсэн.
Монгол Улсад 2013 онд Тусгай олимпийн хороо байгуулагдсанаас хойш төр засгаас оюуны бэрхшээлтэй хүмүүсийг спортоор дамжуулан хөгжүүлэх, нийгэмшүүлэх, эрүүл бие бялдартай, аз жаргалтай, өөртөө итгэлтэй, урам зоригтой тамирчин болоход санхүү, зохион байгуулалт, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирснийг сайд нар онцлоод дэлхийн 192 орны 7500 гаруй тамирчид хүч сорьсон олимпийн наадмаас Монголын баг гурван алт, долоон мөнгө, есөн хүрэл медаль, гурван тусгай байрын шагнал хүртсэн бахдам амжилтын эзэд болсон хүүхдүүдэд баяр хүргэв.
Хүүхдүүдийн амжилтыг үнэлж Монгол Улсын Засгийн газраас мөнгөн урамшуулал олгохоор болсныг энэ үеэр дуулгаж батламж, гарын бэлэг гардуулсан юм. С.Чинзориг сайдын хэлснээр Засгийн газраас 2018 онд баталсан “Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-д заасны дагуу тусгай олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчинд олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн насны ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно. Тодруулбал, алтан медаль хүртсэн тамирчин 4,0 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчин 3,0 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 2,0 сая төгрөгийн урамшуулал хүртэж дасгалжуулагчид тамирчных нь амжилттай уялдуулан мөнгөн шагнал олгох юм байна.
Тусгай олимпоос медаль авсан тамирчид
Алтан медаль
Б.Элбэрэлт-25 метрийн мэлхий сэлэлт
Х.Балжинням-100 метрийн гүйлт
Э.Энхбаяр-200 метрийн гүйлт
Мөнгөн медаль
Т.Балданхайням-Жүдо
У.Нинжбадам- Ширээний теннис
Б.Амарболд- Ширээний теннис
Э.Билгүүн-Жүдо
Э.Энхбаяр-100 метрийн гүйлт
М.Оргил, Б.Мягмарнаран-Бадминтон, Хосын төрөл
Хөлбөмбөгийн баг
Хүрэл медаль
Ө.Амарсанаа-Жүдо
Э.Бямбажаргал-Жүдо
Б.Амарсанаа-Бочче
Х.Балжинням- Бөөрөнцөг шидэлт
Б.Мягмарнаран-Бадминтон
Э.Энхтуул-Бочче
Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ-Ширээний теннис /дэмжин тоглогчтой/
Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн- Бадминтон, хосын төрөл
М.Оргил-Бадминтон
Тусгай шагнал
Э.Гүнжсүрэн-Усанд сэлэлт
М.Оргил-Бадминтон /ганцаарчилсан/
А.Нямцэцэг-Жүдо