ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2019 ОНЫ ТӨЛВИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөв байдлын судалгааг өнөөдөр /2019-01-31/ олон нийтэд танилцууллаа.

ХНХЯ-ын хурлын танхимд болсон судалгааны тайлан танилцуулах арга хэмжээний үеэр тус институтийн хийсэн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа” “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны үр дүнгийн мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаагаар 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байгаа нь өмнөх оноос 6.9 хувиар агшсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч уг эрэлт нь нийт ажиллагчдын тоог 5.6 хувиар өсгөх боломж олгох юм байна.

Судалгаагаар ажиллах хүчний нийт эрэлтийн 65.2 хувь нь байнгын ажлын байр хөдөлмөрийн зах зээл энэ хэмжээгээр тэлэх боломжтой гэж гарлаа. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны дүнгээр төгсөгчдийн 70.2 хувь нь хөдөлмөр эрхэлж, 12.1 хувь нь ажилгүй, 17.7 хувь нь эдийн засгийн идэвхгүй төлөвт байна.

Сургуулийн төрлөөр нь тодруулбал их, дээд сургууль (ИДС) төгсөгчдийн 75.2 хувь нь, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага (МБСБ) төгсөгчдийн 62.3 хувь нь тус тус хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар НДЕГ-ын мэдээллийн санд 2018 оны есдүгээр сарын байдлаар 25, түүнээс дээш ажиллагчидтай буюу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх нийт 5230 шимтгэл төлөгч байгууллага бүртгэлтэй байгаа юм.

Мөн тус сангийн мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй 7199 иргэн хөдөлмөр эрхэлж байгаагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасны дагуу 25-аас дээш ажиллагчидтай 2061 байгууллагад 4921 ХБИ хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн тус заалт бүрэн хэрэгжсэн бол 5230 байгууллагад 19544 ХБИ ажиллах боломжтой бөгөөд одоо ажиллаж буй иргэдээс гадна 14623 ХБИ ажлын байртай болох боломж байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь салбарын яамны дэргэд хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг төрийн байгууллага. Тус институт нь жил бүрийн нэгдүгээр сард тухайн оны Хөдөлмөрийн зах зэлийн төлөв байдлыг бодлого боловсруулагч, эрдэмтэн, судлаачдад танилцуулдаг.

Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг танилцуулах арга хэмжээнд салбарын мэргэжилтнүүд , эрдэмтэн судлаачид, ХНХЯ-ны албан хаагчид, болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцож хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт буюу хэрэгцээтэй ажлын байр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой мэдээлэл авлаа.

Дээш