“Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ууд шагналаа гардлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр “Корпрайт конвейшн центр”-т боллоо.

Найм дахь жилдээ болж буй нэхүү арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа байгууллага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, эзэд, үйлдвэрчний байгууллагын төлөөлөл, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан болон шагнал гардан авах байгууллагын удирдлага, хамт олон оролцов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг шагнал гардуулах ёслолыг нээж хэлсэн үгэндээ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг оновчтой болгоно” гэж зорилт дэвшүүлснийг дурдаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байнгын тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтан хүн эрүүл,  аюулгүй ажлын  байранд ажиллах  нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгааг онцолсон. Тэрбээр “Эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилчдыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санал санаачлага, туршлага, соел хандлагыг урамшуулан дэмжихэд энэхүү үйл ажиллагааны үндсэн зорилго оршиж байдаг. 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 17 хувиар багассан байна. Нийт бүртгэгдсэн ослоос нас барсан осол 30 байгаа нь 2017 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна. 2018 онд нийт гарсан ослын тоог  өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, барилга, тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбаруудад ослын тоо өсч боловсрол, эрүүл мэндийн салбарт буурсан байна.  Иймд үйлдвэрлэлийн ослын нөхцөл байдалд дүгнэлт хийх, ослыг гаргахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах, ХАБЭА-н сургалт зааварчилгааг чанаржуулах нөхцлийг бүрдүүлэхэд ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллага бүр онцгой анхаарч ажиллах зайлшгүй шаардлага тавигдаж байгаа юм. 

Энэ онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийг шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан 2019 онд ХАБЭА-н дүрэм журамд  нэмэлт өөрчлөлт оруулах, техникийн зохицуулалтыг боловсруулах, ХАБЭА-н сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, ХАБЭА-н суурь судалгааны ажлыг эхлүүлэх, ХАБЭА-н салбар хороо, аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг зохион байгуулахад анхаарч ажиллах болно. Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг  шалгаруулдаг уламжлал болсон энэхүү арга хэмжээг цаашдаа ч үргэлжлүүлэн  дүгнэж, зохион байгуулах арга хэлбэрийг шинэлэг байдлаар хийх болно. Энэхүү болзолт уралдаанд шалгарсан байгууллагууд нь эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгон аюул, осолгүй ажиллаж байгаа үйл ажиллагаа, байгууллагынхаа соёл, хандлага, туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг  илүүтэй анхаарч ажиллахыг уриалж байна” хэмээгээд шилдгээр шалгарсан байгууллага хамт олонд баяр хүргэж амжилт хүслээ.

“Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагыг ажиллагсдын тооноос шалтгаалан том, дунд, жижиг гэсэн гурван ангиллаар шалгаруулдаг. Том буюу 200-гаас дээш ажиллагсадтай байгууллагуудаас энэ удаа нэгдүгээр байрыг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” ХХК эзэлж “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” өргөмжлөл, цом, 2,5 сая төгрөгийн мөнгөн шагнал гардлаа.   Хоёрдугаар байрт Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, гуравдугаар байрт “Сүү” ХК шалгарсан.

 

Дунд буюу 51-199 ажилтантай аж ахуйн нэгжүүдийг “Сэлэнгэ энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар тэргүүлж удаах байрт Цус сэлбэлт судлалын үндэсний төв, “Жүр үр” ХХК орлоо.

Харин жижиг буюу 50 хүртэлх ажиллагсадтай байгууллагуудаас энэ удаа “Глобал ацетилин” шилдгээр тодорч, “Мон энержи корпораци”, “Улаанбаатар буян” ХХК хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ.

 

Дээш