Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу ажилчин” шагналын эзэн МБС-ын салбараас төрлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анх удаа олгож буй “Шилдэг залуу ажилчин” шагналыг Монгол-Солонгосын политехник коллежийн оюутан Эрдэнийн Уужимсэтгэл хүртлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын өнөөдөр гаргасан зарлигт “Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгосугай” хэмээсэн байна.
Гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд шагналыг нь гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ маш их ач холбогдолтой шагналыг анхлан гардуулснаа онцлоод “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр хүмүүс “залууст ажил хангалттай олдох ч ажил хийх сонирхолгүй байна” гэсэн шүүмжлэлийг хэлж байсан. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны эхний байдлаар зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 25 мянга орчим байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь 25-34 насны залуучууд. Гэтэл Хөдөлмөрийн бирж дээр 35 мянган ажлын байрны зар гарсан байдаг юм байна. Ажил хийх хүслээ илэрхийлж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тооноос ажлын байрны тоо даруй 10 мянгаар илүү байна. Энд гарч байгаа гол бэрхшээл нь мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн эв дүй юм. Ажил олгогчид мэргэжилтэй ажилтан олдохгүй байгааг байнга хэлдэг. Манай боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг тооцоололгүйгээр жил бүр ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөөр байгааг өөрчлөх цаг болсон. Үүний тулд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн салбарыг бодлогоор дэмжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд эрэлттэй мэргэжил эзэмшсэн хүн, дээд сургуулийг хамгийн түгээмэл мэргэжлээр төгссөн хүн хоёрын ажилд орох магадлал 99:1-ийн харьцаатай болжээ” гээд 18 настай Э.Уужимсэтгэлийн нэгэн адилаар эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун болж, ихийг хийж бүтээхийг залууст уриаллаа.
“Шилдэг залуу ажилчин” шагналын эзэн Э.Уужимсэтгэл Ерөнхийлөгч, багш нар, ар гэрийнхэн болон өөрийг нь дэмжиж урам зориг өгч байгаа бүх хүнд талархал илэрхийлээд “Би аавынхаа зөвлөснөөр гагнуурчны мэргэжлийг сонгосон. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан гэж мэргэжил байхгүй. Хүн өөрөө хичээж сурч чадах юм бол аливаа амжилтыг хэн ч гаргаж чадна. Гол нь өөртөө итгэлтэй, хичээл чармайлттай, шантрахгүй байх ёстой гэж аав минь, багш нар минь захьдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.