СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “ҮНЭ ЦЭНЭТЭЙ АХМАДУУД” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас баталсан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”–ийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт “Үнэ цэнэтэй ахмадууд” төслийг “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ-тай хамтран амжилттай хэрэгжүүллээ. Нийслэлийн хэмжээнд анх удаа төрийн захиргаа, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд гэсэн дөрвөн салбарт Ахмад мэргэжилтнүүдийн хуримтлалын бүлэг байгуулж нийт 60 ахмадыг хамруулан бүтэн жилийн турш зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг Олон улсын аргачлалын дагуу амжилттай хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч чадсан байна.
Бүлгүүд сар бүр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст тогтсон цагт цугларч, бүлгийн хурлаа хийхийн хамт зөвлөхийн ёс зүй, хандлага, эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоонд суурилсан төслөөр дамжуулан тэднийг нийгмийн хариуцлагын хүрээнд татан оруулах боломжийг бий болгох, шинээр ахмадууд нийлэн хамтдаа ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлэх, насан туршийн боловсролын чадваржуулах сургалтаар дамжуулан тухайн хувь хүний хөгжлийг дээшлүүлэхэд нөлөөлөх зэрэг олон сэдвээр сонирхолтой сургалтыг мэргэжлийн багшаас авч байв. Түүнчлэн бүлгийн гишүүдийн төрсөн өдөр, шагнал урамшууллыг хамтдаа тэмдэглэж, өвдсөн зовсон нэгэндээ сэтгэлийн дэм өгөх арга хэмжээг зохион байгуулахаас гадна өөрийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэн хадгаламж хуримтлалтай болох, орлогоо нэмэгдүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулах үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа чиглүүлэн ажилласан нь үр дүнд хүрсэн юм.
Төсөлд хамрагдсан ахмадууд хамт олон болохын давуу талыг мэдэрсэн, идэвхи зүтгэлтэй, эе эвтэй, өндөр зохион байгуулалттай их сайхан хамт олон болж чадсан нь төслийн үр дүнг харуулж байна.