Төрд үнэнчээр зүтгэхээ андгайлав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж мэргэшлийн шалгалт амжилттай өгсөн 23 ажилтан өнгөрсөн долоо хоногт төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөлөө.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн албан хаагчид эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглаж төрдөө андгайлдаг. Энэхүү ёслолыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Г.Өнөрбаяр нээж хэлсэн үгэндээ төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх нь төрийн албанд хуульд захирагдан чин үнэнчээр ажиллахаа илэрхийлж буй хэрэг гэдгийг онцлоод төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачлагатай ажиллахыг хүслээ.