Нийгмийн даатгалын хяналтын байцаагчид номын дуу сонсч байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Дэлхийн банктай хамтран төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагын хяналт, дотоод аудитын байцаагч нарт зориулсан сургалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг энэ сарын 27-29-нд зохион байгуулж байна.

Нийгмийн даатгалын хяналт, дотоод аудитын байцаагч, ажилтнуудыг мэргэшүүлж чадавхжуулах, нийгмийн даатгалын тухай хуулиудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх арга зүйг эзэмшүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулж, ёс зүйг сахиулах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, нийгмийн даатгалын хяналт, шалгалт хийх арга барил, үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү сургалтад нийслэл, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газар хэлтсийн хяналт, дотоод аудит хариуцсан ажилтнуудаас гадна ХНХЯ, НДЕГ, Авилгатай тэмцэх газар, Улсын прокурорын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл нийт 180 хүн оролцож буй юм.

Нийгмийн даатгалын төв, орон нутаг дахь байгууллага нь Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд иргэд, даатгуулагчдад 30 гаруй төрлийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэн ажиллаж байна.

Эдгээр үйлчилгээг хүргэхийн тулд 2017 онд Нийгмийн даатгалын таван сангаас 1.9 их наяд төгрөг зарцуулсан бол 2018 онд нийгмийн даатгалын дөрвөн сангийн хүрээнд 1.8 их наяд төгрөг зарцуулах юм. Ирэх 2019 онд энэ тоо нь 2.1 их наяд төгрөг болж өсөхөөр байна. Үүний 1.8 их наяд нь тэтгэврийн даатгалын сангийн зардал юм.

Энэ оны аравдугаар сарын байдлаар 402.1 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаа бол төрөл бүрийн тэтгэмжид 175.1 мянган иргэн хамрагдаж, 8.3 мянган хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, 18.5 мянган хүн ажилгүйдлийн тэтгэмж авч байна. Иймд нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй байцаагч, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт чухал ач холбогдолтой бөгөөд тэдэнд зориулсан ийм арга хэмжээг 2010 оноос хойш зохион байгуулаагүй юм.

Сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлын тухай хуулийн төслийг танилцуулсан нь ажил олгогч, даатгуулагчид үзүүлж буй нийгмийн даатгалын үйлчилгээнд хяналт тавьдаг, нийгмийн даатгалын харилцаанд тулгамдаж буй асуудал, үүсч буй тохиолдол бүртэй нүүр тулж гардан оролцдог нийгмийн даатгалын хяналтын байцаагч нарын саналыг төсөлд  тусгах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж буй юм.

Нийгмийн даатгалын хууль тогтоомжтой холбоотой хяналт, шинжилгээ, үнэлгээний арга зүй, чиг хандлага, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тухай, нийгмийн даатгалтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шинж, анхаарах асуудал, цахим хяналтын программ хангамжийн талаар, нийгмийн даатгалын дотоод аудитын тухай, нийгмийн даатгалын хяналт шалгалтын тухай ойлголт, зорилго, зарчим зэрэг сэдвүүдээр шинэ мэдлэг мэдээллийг ажилтнуудад өгч байгаа нь цаашдынх нь ажилд тустай арга хэмжээ болж байна.   

 

 

Дээш