“Ирээдүйн ажил мэргэжил”-ээр амьсгалсан 50 жилийн ой

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан ХНХЯ-наас тодорхой ажлуудыг үе шаттайгаар амжилттай зохион байгуулсан. Энэ тухай мэдээллийг багцлан хүргэж байна.

ОУХБ-ын товчооны даргыг хүлээж авч уулзлаа

Ойн баярт оролцохоор ирсэн ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны дарга хатагтай Клейр Куртью Мюлдерийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ сарын 21-нд Төрйин ордонд хүлээж авч уулзсан.  

ОУХБ нь хөдөлмөрчдийг тэгш эрхтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд хөдөлмөрийн стандарт тогтоох, хяналт тавих үүрэгтэй Засгийн газар, хөдөлмөрчид болон ажил олгогчдоос бүрдсэн НҮБ-ын цор ганц гурван талт байгууллага бөгөөд одоогоор 187 гишүүн орныг эгнээндээ нэгтгэж дэлхий нийтэд 45 товчоо, бүс нутгийн таван товчоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Монгол Улс ОУХБ-д 1968 онд элссэн. Энэ ойг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нийгмийн түншлэгч талуудтайгаа хамтран тодорхой ажлуудыг хийж буйг С.Чинзориг сайд уулзалтынхаа эхэнд дурдаад эдгээр арга хэмжээг зохион байгуулахад анхаарч туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлсэн. Ой тэмдэглэх хүрээнд 7-13 насны хүүхдүүдийн дунд гар зургийн, 14-18 насныхны дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж оюутан залуусыг "Ирээдүйн ажил мэргэжил" сэдвээр шилдэг илтгэлийн, гэрэл зураг сонирхогчдыг "Хөдөлмөр миний дуранд" фото уралдаанд оюун ухаан, авьяас чадвараа сорих боломжийг олгосон юм. Нэг үгээр энэ ойн хүрээнд ажил хөдөлмөрийн тухай ойлголтыг нас насныхны дунд зөв хандлагаар төлөвшүүлэхэд анхаарч ажилласнаа сайд онцлон танилцуулсан. Мөн ирэх онд тохиох ОУХБ-ын 100 жилийн ойг угтан Монгол Улсын Засгийн газар нийгмийн түншлэгч талууд МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран хийх ажлын төлөвлөгөөг гаргахаар ажиллаж буйгаа ч дуулгалаа.  

Түүнчлэн энэ уулзалтаар хатагтай Клейр Куртью Мюлдэртэй хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, ОУХБ-ын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийн гурван талт хорооны ажлыг эрчимжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр санал солилцсон юм.  

Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг залуу судлаачид тандав

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс хоёр үе шаттай зохион байгуулсан “Ирээдүйн ажил мэргэжил” эрдэм шинжилгээний хурлын эхний шатанд 13 их, дээд сургуулийн 34 оюутан, магистрант бүтээлээ ирүүлснээс  шилдэг наймыг онцлон энэ сарын 20-нд ХНХЯ-нд болсон хурлаар хэлэлцсэн.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь оюутан, залуучуудын судалгааны ажлыг дэмжих , арга зүйг хэлэлцүүлж, бүтээлийг нь олон нийтэд түгээн танилцуулах замаар хөдөлмөрийн хүрээний ойлголт, мэдлэгийг сурталчлан дэлгэрүүлэх явдал байв. Орчин үеийн аж үйлдвэр, техник технологийн хурдацтай хөгжил дэвшил, эдийн засгийн даяаршил, орон зай, цаг хугацааны шийдэл, цаг уурын өөрчлөлт зэрэг нийгэм, эдийн засгийн хувьслыг даган хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага хурдтайгаар өөрчлөгдөж, энэхүү өөрчлөлтийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн зарим ажил, мэргэжлийн хэрэгцээ багасах, өрсөлдөх чадвар буурах, зарим нь  устан алга болохын зэрэгцээ шинээр ажил мэргэжил бий болж, хэрэгцээ шаардлага нь нэмэгдэж байгааг эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүдэд судлаачид онцолсон байлаа. “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь Монгол Улсын хөдөлмөр зах зээлийн ирээдүйн чиг хандлагад хэрхэн нөлөөлөх нь”, “Техник, технологийн эрин зууны ажил горилогчдод тавигдах ур чадвар”, “Техник, технологийн өөрчлөлт болон бүтээмжийн хамаарал” зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөндсөн найман илтгэлээс шилдгийн шилдэг гурвыг шалгаруулсан юм.  

Багачууд гар зургаар, өсвөр насныхан эссэ бичлэгээр, томчууд гэрэл зургаар өрсөлдлөө

Ойн хүрээнд хүүхэд, залуучуудын дунд зарласан “Ирээдүйн ажил, мэргэжил” сэдэвт гар зургийн уралдаанд Улаанбаатар болон орон нутгаас нийт 323 бүтээл ирснээс эхний шатанд 32 зураг, эссэ бичлэгийн уралдаанд нийт 247 эссэ бичлэг ирүүлснээс эхний шатанд 30 эссэг тус тус шалгаруулсан.

Гар зургийн уралдааны шалгаруулалтыг фэйсбүүк like, share-ийн тоо болон Хүүхдийн урлан бүтээх төвийн мэргэжлийн багш нарыг багтаасан  шүүгчдийн баг хийсэн юм. Уг шалгаруулалтаар тэргүүн байрыг нийслэлийн 17 дугаар дунд сургуулийн 2а ангийн сурагч Т.Үйлстөгөлдөр “Мөрөөдлийн циркчид” зургаараа эзэлж, дэд байрт “Байгаль судлаач охин” зургаар “Монгени” сургуулийн 5а ангийн сурагч Б.Энхжин, гуравдугаар байрт “Ирээдүйн ажил, мэргэжил” бүтээлээр Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Орхон нар шалгарсан.

Эссэ бичлэгийн уралдаанд ШУТИС-ийн Мэдээллийн сүлжээний 1 дүгээр дамжааны оюутан Х.Алтангэрэл тэргүүлж, удаах байруудыг нийслэлийн 31 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Цэлмэг, 24 дүгээр сургуулийн 10в ангийн сурагч Б.Өгөөмөр нар эзэлсэн.

Гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан “Хөдөлмөр миний дуранд" уралдаанд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 85 бүтээл ирснээс тэргүүн байрын эзнээр Хан-Уул дүүрэг “Riverdent” шүдний эмнэлгийн эмч Э.Давааням тодорч, дэд байрт “Мэргэжил хүнийг голохоос биш хүн мэргэжлийг голох учиргүй” бүтээлээр Б.Батбаяр, гуравдугаар байрт “Эзэн бид хоёрын хөдөлмөр” зургаар Увс аймаг дахь Политехник коллежийн нийгмийн ажилтан Б.Баттулга нар шалгарсан юм.

“Ирээдүйн ажил мэргэжил” сэдвээр залуус зөвлөлдөв

Монгол Улс ОУХБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойн хүрээнд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ажил олгогч эздийн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай  хамтран  “Ирээдүйн ажил, мэргэжил”  зөвлөгөөнийг залуучуудын оролцоотойгоор зохион байгуулсан юм.

Тус зөвлөгөөнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төлөөлөл болсон 100 залуу оролцож, ирээдүйд ажил хөдөлмөр яаж өөрчлөгдөх, үүнтэй уялдуулан өөрсдийгөө хэрхэн бэлтгэж, зохистой хөдөлмөр эрхлэх тухай санал бодлоо илэрхийлж, мэдлэг мэдээллээ солилцсон нь тун сонирхолтой байлаа.

Залуустай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдер, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын албаны хүмүүс өөрсдийн санал бодлыг хуваалцсан. Тухайлбал, хатагтай Клейр Куртье-Мюлдэр “Ирээдүйн ажил мэргэжил” илтгэлдээ хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйд гол нөлөөлж буй зүйлс нь даяаршил, уур амьсгалын өөрчлөлт, хүн ам зүй, технологийн дэвшил, нөгөө талаас сөргөөр нөлөөлөгч хүчин зүйл бол тэгш бус байдал гэдгийг онцолсон.  ОУХБ-аас 100 жилийн ойн босгон дээрээ бүх гишүүн улс орнуудтайгаа хамтран “Хөдөлмөрийн ирээдүй” сэдвээр хэлэлцүүлэг хийж залуучууд байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, технологийн дэвшил, хиймэл оюун ухаан зэрэг сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх үйл ажиллагааг зохион байгуулсныг ч тэрбээр танилцуулсан. "Ирээдүйн ажил, мэргэжил" зөвлөгөөнд оролцогч залуучууд боловсрол, ур чадвар, хөдөлмөрлөх эрх, байгаль орчин-ногоон ажлын байр, бизнес эрхлэлт, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил дэд сэдвүүдээр санал бодлоо солилцож, эдгээр хүрээнд тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон боломжит шийдлийг хамтдаа эрэлхийлсэн нь энэхүү зөвлөгөөний онцлог байж чадлаа.

Зөвлөгөөний үеэр ой угтаж зохион байгуулсан эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, гар зураг, эссэ бичлэг, гэрэл зургийн уралдаанд шалгарсан хүмүүсийн шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдэр, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гардуулсан.

 

Дээш