Хүнсний эрхийн бичиг олгох журмын төсөлд санал авч байна
Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг 2013 оноос эхлэн улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хөтөлбөр, журам, хэмжээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан.
Үүний дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 сарын 03-ний өдрийн А/20 дугаар тушаалаар баталсан 240.3176 бүхий босго онооноос доогуур нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай буюу хамгийн бага хэрэглээтэй 26.5 мянган өрхийн 143.3 мянган иргэнд сар бүр том хүнд 13000 төгрөг, хүүхдэд 6500 төгрөгийн хүнсний эрхийн бичиг олгоход жилд 17.9 тэрбум төгрөг зарцуулж байсан.
Хамгийн бага хэрэглээтэй нэн ядуу иргэдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлснээр хоол, хүнсээр өдөрт авах ёстой 2500 калори хэвийн хэмжээнд авах боломж бүрдэж байгаагаас гадна Засгийн газраас хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг урт хугацаанд авч хэрэгжүүлэх нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн томоохон арга хэмжээ болж байна.
Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 21.6 хувь байсан ч 2016 онд 29.6 хувь болж 8.0 пунктээр нэмэгдсэн. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ядуурлын шугамын доор байгаа зорилтот өрхийн нийгмийн хамгааллын зардлыг нэмэгдүүлснээр тэднийг орлогын ядууралд өртөхөөс хамгаалах боломжтой юм.
Иймд хүнсний эрхийн бичгийн үнийг нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан 2017 оны 11 дүгээр сараас нэмэгдүүлж, хүүхдэд 8000 төгрөг, том хүнд 16000 төгрөгөөр, хамрах хүрээг 2 дахин нэмэгдүүлж, босго шугамыг амьжиргааны түвшний үнэлгээний 292.5 гэсэн оноогоор тогтоосон.
Энэхүү журмын нэмэлт өөрчлөлтөөр хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулах, халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг уялдуулах зорилгоор хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй өрхийн хөдөлмөрийн насны гишүүнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах нөхцөл шалгуур тавьж, биелүүлсэн тохиолдолд хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгохоор зохицууллаа.
Та бүхэн журмын төсөлтэй танилцаад саналаа gereltuya@mlsp.gov.mn цахми хаягаар ирүүлнэ үү.
Журмын төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.