"БИД ӨӨРЧЛӨГЧИД" нөлөөллийн ажлыг таван аймагт зохион байгууллаа

            Монголын  Тэргэнцэртэй  иргэдийн  үндэсний холбооноос санаачлан ХНХЯ болон Финландын “Флом” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн тэгш оролцоог хангах, тэдний нийгэм, эдийн засгийн эрхийг баталгаажуулах чиглэлийн хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан  таниулах  улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн  амьдралд идэвхтэй  оролцож, өөрсдийн  оролцоотой  амьдарч буй нийгмийг  эергээр  өөрчлөхөд уриалах зорилготой нөлөөллийн ажлыг Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Дархан-Уул аймагт "Өнөөдөр нөлөөлж маргаашийг өөрчилцгөөе” уриан дор зохион байгууллаа.

Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооныхон үйл ажиллагааныхаа талаар “Манай улсын нийт хүн амын 3.2 хувь буюу 103 630 нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн албан ёсны статистик мэдээ байдаг.  Эдгээр иргэдийг хөгжүүлж, эрхийг нь хангах зорилгоор УИХ-аас 2016 онд  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн  тухай  хууль,  2017 онд Хөгжлийн  бэрхшээлтэй  хүмүүсийн  эрх, оролцоо, хөгжлийг  дэмжих үндэсний хөтөлбөрийг   батлан  хэрэгжүүлж  байгаа юм. Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэхэд чиглэсэн эдгээр  хууль тогтоомжийг  орон нутагт  сурталчилж таниулах ажлыг  олон хэлбэрээр  өргөн  хүрээнд  хийх  хэрэгцээ шаардлага  бий. Тиймээс энэ удаагийн нөлөөллийн ажлын хүрээнд Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Дархан-Уул аймагт “Бид өөрчлөгчид” форумыг  зохион  байгуулж,   хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдэд хүртээмжтэй  үйлчилгээг  бий болгосон  нэг  байгууллагыг  сонгон  шалгаруулж аймгийн  Засаг даргын   нэрэмжит   шилжин  явах  цомоор шагнаж,   орон нутгийн  оюутан  залуус төрийн  албан  хаагчид,  хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдийг  хамруулан  олон  нийтэд нөлөөлөх флаш моб бүжгийг хийсэн нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байлаа. Аймаг  бүрт  флаш мобид дунджаар  170 гаруй  хүн оролцож,  орон нутгийн  хэвлэл мэдээллийн  хэрэгсэл,  нийгмийн сүлжээгээр   сурталчилснаар нэг аймагт  хамгийн  багадаа   3000 хүнд “Бид  өөрчлөгчид”  нөлөөллийн  арга  хэмжээний  мэдээлэл хүрч хөгжлийн  бэрхшээлийн талаар эерэг зөв   хандлага төрүүлсэн гэдэгт бид итгэлтэй байгаа. Бидний үйл ажиллагааг   дээрх таван аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар,  Нийгмийн  бодлогын  хэлтэс,  Хөдөлмөр,  халамж үйлчилгээний газрынхан маш сайн дэмжиж  хамтран зохион байгуулсанд талархаж байна” хэмээн ярьсан юм.

            “Бид  өөрчлөгчид” форумд аймгуудын Засаг дарга, харьяа газар хэлтсийн удирдлагуудаас гадна ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын төлөөлөл оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг хангах, дэд бүтцийг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж бололцооны талаар ярилцаж, харилцан мэдээллээ хуваалцсанаас гадна цаашид анхаарах асуудлууд, орон нутагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон нь форумын ач холбогдлыг нэмэгдүүлж чадсан байна. Мөн Тэргэнцэртэй  иргэдийн  үндэсний холбооноос  дээрх  аймгуудад хэрэгжүүлж буй “Хөгжлийн  бэрхшээлтэй  эмэгтэйчүүдийн  дэмжих  бүлгүүдийг  чадавхжуулах,  тэдэнд хүрэх нөхөн  үржихүйн  эрүүл мэндийг  сайжруулахад нөлөөлөх нь” төслийн   хэрэгжилт үр нөлөө,  цаашдын  үйл ажиллагааг  танилцуулсан. Форумын үеэр 2018 онд орон нутагт хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдийг хамгийн их дэмжиж,  үйл ажиллагаагаа хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдэд хүртээмжтэй  болгосон  нэг  байгууллагыг     шалгаруулж аймгийн Засаг  даргын нэрэмжит шилжин  явах  цом, өргөмжлөл мөнгөн шагналаар  урамшуулсан юм. Энэхүү арга  хэмжээг Тэргэнцэртэй  иргэдийн  үндэсний холбооноос  аймгуудын Засаг  даргын  Тамгын  газартай  хамтран зохион байгуулах бөгөөд энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллагаар Баянхонгор аймгийн “Тэмүүжин” хүүхдийн театр, Өвөрхангай аймаг дахь МСҮТ, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шалгарч шагналын эзэд болцгоолоо.

 

Дээш