Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлаар хоёр тал санал солилцлоо

Хөдөлмөр,  нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг БНХАУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлуудаар ярилцаж, санал солилцсон юм.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж буй  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг ирэх оны эхний улиралд ашиглалтанд хүлээлгэж өгнө. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх тус төвд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, дадлагажуулах асуудлыг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г Монгол Улсад айлчлах үед ярилцсан. Тэр дагуу 350 хүнийг сургалтанд хамруулахаас эхний ээлжний  30 хүнийг ирэх арваннэгдүгээр сар гэхэд явуулах сонирхолтой байгаагаа С.Чинзориг сайд илэрхийллээ.

Мөн Хятад улсын буцалтгүй тусламжаар барих  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбортой холбоотой судалгааг хийх баг бүрэлдэхүүнийг энэ онд багтаан томилж, шаардлагатай судалгааг богино хугацаанд, чанартай гүйцэтгэж, ирэх хавраас барилгын ажлыг эхлэх талаар мөн  ярилцлаа.

Монгол Улсад 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тиймээс спорт цогцолборыг Азийн хүүхдийн спортын их наадмаас өмнө барьж, ашиглалтанд оруулах сонирхолтой байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дурдсан бөгөөд Элчин сайд Шин Хаймин манай талаас тавьсан саналуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Дээш