ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫГ АЛБАН СУРГАЛТААР ОЛГОХЫГ ЗҮЙТЭЙ ГЭЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОГЧИД ДҮГНЭВ
Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яамнаас их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт гэр бүлийн боловсролын асуудлыг оруулах, оюутан залуучуудад гэр бүлийн боловсролыг албан сургалтаар олгох асуудлаар хэлэцүүлгийг Монгол Улсын Их, дээд сургуулиудын консорциумын гишүүн сургуулиудтай хамтран хийлээ.
Хэлэлцүүлэгт сургалт эрхэлсэн захирал, сургалтын албаны дарга, оюутны албаны мэргэжилтэн, нийгмийн ажлын чиглэлийн багш нар зэрэг нийт 100 гаруй хүн хүрэлцэн ирж, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт гэр бүлийн боловсрол, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн агуулгыг тусган хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийг ХНХЯ-ны ХНХЯ-ы Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа удирдан явуулж, гэр бүлийн талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэл, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсны дотор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүлийн боловсролыг сургалтын бүх түвшинд олгох асуулыг хуульчилж байгаа талаар мэдээлэв. Яамны захиалгаар хийж буй их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Гэр бүлийн боловсрол” сэдэвт 2 кредитийн хичээлийн хөтөлбөрийн төслийг ОУУБИС-ийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн дээд боловсролын байгууллагын төлөөлөгч нар гэр бүлийн боловсролыг албан боловсролын сургалтаар олгохыг зүйтэй гэж үзэж, ялангуяа сургуулийн өмнөх наснаас эхлэн олговол зөв иргэн төлөвшихэд ихээхэн үр нөлөөтэй гэдэгтэй санал нэгтэй байв. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцсон 50 гаруй сургуулийг төлөөлөн ирсэн багш нар энэ чиглэлийн хөтөлбөрийг өөрсдийн сургуулийн хичээлийн хөтөлбөртөө оруулах боломжтой гэж үзэж, их дээд сургуулийн оюутнуудад зориулсан “ Гэр бүлийн боловсрол” 2 кредитийн хичээлийн жишиг хөтөлбөрийн төслийг дэмжлээ