Ахмадуудаа хүлээж авч хүндэтгэл үзүүллээ

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн  10 дугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын өдөр болгон дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос Ахмадын баярыг тэмдэглэж буй юм. Энэ баяраар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Өчигдөр /2018-10-01/ “Элит” төвд зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын сайдаар ажиллаж байсан Ш.Батбаяр, Э.Гомбожав болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын хорооны орлогч дарга асан Б.Жамъян, Л.Баасанхүү нарын залуу халуун насныхаа хөдөлмөр бүтээлийг энэ салбарт зориулсан ахмад буурлууд оролцлоо.

Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмадуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг талархал илэрхийлээд ахмад настны талаар төрөөс баримталж буй бодлого, яамнаас хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар товч танилцуулсан. Тэрбээр сэтгэл зүтгэл, эрдэм мэдлэг, оюун ухаанаа зориулан ажиллаж ирсэн ахмад үеийн мэргэжилтнүүдийг туслалцаа дэмжлэг өнөө цагийн залуу боловсон хүчнүүдэд ус агаар мэт хэрэгтэй байгааг онцлоод ахмадуудыг хамтарч ажиллахыг урьсан юм.

Ахмадын хорооны дарга  Б.Думаахүү баярт ирсэн ахмадуудаа төлөөлөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа газрууд, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хүчин зүтгэж буй ажилтнуудад ажлын амжилт хүсч, ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлд анхаарч ахмад настны талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаанд талархаж буйгаа илэрхийллээ.

Дээш