ХОВД, УВСЫН БИЧИЛ УУРХАЙЧДАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЧ ХОЛБОГДЛООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Швейцарийн Хөгжлийн агентлагтай байгуулсан гэрээний дагуу бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Увс, Ховд аймгийн 11 сумын бичил уурхай эрхлэгчдийг хамруулсан “Даатгал бидний амьдралд” сургалтыг есдүгээр сарын 9-17-нд зохион байгууллаа.
Сургалтыг зохион байгуулсан ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүд нийгмийн даатгалын хууль тогтоомжид орсон өөрчлөлтүүд, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн даатгалын хамралт, сайн дурын даатгалын ач холбогдол зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн бөгөөд сургалтад Увс, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, сумдын байцаагчид, дээвэр холбоо, бичил уурхай эрхлэгчид зэрэг нийт 287 хүн оролцсон.
ХНХЯ-ны баг бүрэлдэхүүн мөн Увс аймгийн Түргэн сум-Улаан начин-Бургастай, Тариалан сум-Мээрэн-Бор хавцал-Гэдэг, Өмнөговь сум-Цэрэнцэг-Даав-Салхит, Өлгий сум, Мянгад сум, Ховд аймгийн Алтай сум Цагаан Эрэг-Хөндийн чиглэл, Булган сум-Бойтог-Тэмээ хонд, Булган сум, Үенч сум, Мөст зэрэг сумдаар явж сумдын нийгмийн даатгалын байцаагч, иргэд, бичил уурхай эрхлэгчдэд зориулж нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл хийсэн юм.