МСҮТ, Политехник коллежийн нийгмийн ажилтнууд чадавхижуулах сургалтад анх удаа хамрагдлаа
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж буй юм.
Энэ сарын 11-12-нд болсон сургалтад нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын бүх шатны сургууль, сум, дүүрэг, хорооны нийгмийн ажилтан 200 шахам нийгмийн ажилтан хамрагдаж хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлийн хууль тогтоомж, холбогдох дүрэм журам, хүн худалдаалах гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар номын дуу сонслоо.
Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, МУБИС, ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн багш, судлаач, хуульчид хичээл заасан уг сургалтад энэ удаа МСҮТ, Политехник коллежийн нийгмийн ажилтнууд анх удаа хамрагдсан. Тэдэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталгаажуулах Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт болон сургуулийн нийгмийн ажилтны зорилго, зорилт, чиг үүргийн талаар онцгойлон мэдээлэл өгсөн нь мэргэжлийн түвшинд ажлаа явуулахад арга зүйн дэмжлэг боллоо хэмээн оролцогчид талархаж байлаа.
Сургалтад оролцогчдод сертификат гардуулах ёслол энэ сарын 12-нд болж МСҮТ, Политехник коллежийн нийт 50 нийгмийн ажилтан чадавхижуулах сургалтын гэрчилгээгээ хүлээж авлаа.
Цаашид энэхүү сургалтыг орон нутагт зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд Ховд, Дархан-Уул, Архангай, Дорноговь, Хэнтий аймагт бүсчилж хийхээр бэлтгэл ажлаа хангаж буй юм. Бүсчилсэн сургалтаар нийт 260 нийгмийн ажилтныг чадавхижуулна хэмээн үзэж буй аж.