ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН МЭДЭГДЛИЙН ХАРИУГ ӨГЛӨӨ
-Хэлэлцээртэй холбогдуулан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтын маргаан үүсгэж, ажил хаях хууль эрх зүйн үндэслэлгүй-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш нарын ажил хаялтыг зохион байгуулж буй Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт энэ сарын 3-нд ирүүлсэн мэдэгдлийн хариуг өглөө.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын нэр дээр илгээсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН
ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Х.АМГАЛАНБААТАР ТАНАА
Мэдэгдлийн хариу
Танай холбооноос Засгийн газарт ирүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаарх мэдэгдэлтэй танилцлаа.
Уг шийдвэр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдсөн гэж үзэхээр байна. Тухайлбал,
1. 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн гурвын 2-т “Тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ” гэж заасан.
Энэ дагуу 2017 оны 10 дугаар сард хийсэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны нэмэлт хэлэлцээнд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөл болох Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо оролцсон боловч хэлэлцээрт гарын үсэг зураагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-т “Хэлэлцээ нь талуудын бүх төлөөлөгч хамтын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурснаар дуусгавар болно” гэж заасны дагуу нэмэлт хэлэлцээ бүрэн дуусгавар болоогүй гэж үзэхээр байна. Түүнчлэн хөдөлмөрийн зуучлагч томилсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 1/198 дугаар захирамжийг хүчингүй болгосон шийдвэрээ манай яаманд ирүүлсэн байна.
Дээрх нөхцөл байдал, шийдвэрээс үзэхэд хэлэлцээртэй холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтын маргаан үүсгэж, ажил хаях хууль эрх зүйн үндэслэлгүй байна.
Иймд цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газар нийгмийн зөвшлийг үл хүндэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан салбарын нэмэлт хэлэлцээрийн 2.13-т “Инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Олон улсын валютын сантай хийх хэлэлцээрийн хүрээнд хүргүүлнэ” гэж заасан байна. Гэвч салбарын хэлэлцээрээр тохирсноос давж “Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмсэн шийдвэрийг өөрчилж боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэх” шаардлага тавьж ажил хаялт зохион байгуулахаар шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1.3-т заасан нөхцөл үүсгэхээр байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал улсын нэмэлт хэлэлцээг яаралтай үргэлжлүүлж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр дараах асуудлыг хэлэлцэх саналтай байна. Үүнд:
1. Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн нэмэгдүүлэх эх үүсвэрийн талаар байр сууриа нэгтгэн, 2019 оны улсын төсвийн төсөлд тусгуулах;
2. Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлэх арга хэмжээ авахдаа боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинд зөрүүтэй байдал үүсгэснийг засах;
3. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажлын байранд хийсэн үнэлгээнд үндэслэн эмч, багш нарын ангилал, зэрэглэлийг шинэчлэх талаар санал нэгдэх;
4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан салбарын нэмэлт хэлэлцээрийн зорилт, МБШУҮЭХ-оос одоо тавиад байгаа шаардлагад тусгагдсан зөрүүтэй асуудлаар салбарын нэмэлт хэлэлцээг эхлүүлэн байр сууриа нэгтгэх;
5. Ажил хаялтын нөхцөл байдлын талаар 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд Ерөнхий сайдаас ойрын хугацаанд улсын болон салбарын хэлэлцээг хийж, зөвшилцөлд хүрэх чиглэл өгсөн болно. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нартай Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийх чиглэл өгсний дагуу уулзалтын цаг товлох.
Шаардлагатай гэж үзвэл талууд төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, тооцоо судалгаа хийж саналаа нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хувийг: МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар танаа
Хүндэтгэсэн,
САЙД С.ЧИНЗОРИГ