МЭНДЧИЛГЭЭ

                                                                                               

            Эх орондоо болон дэлхийн  өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч байгаа  залуустаа “Монголын залуучуудын өдөр”-ийн мэндийг хувиасаа болон залуучуудын асуудлаар үүрэг хүлээсэн нийт албан хаагчдынхаа нэрийн өмнөөс дэвшүүлье.

            Манай улс 2003 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 25-ныг "Монголын залуучуудын өдөр" болгон тэмдэглэж буй бөгөөд энэ удаа “Залуусын хөгжлийн төлөө, залуучуудад ээлтэй орон зай” уриан дор өргөн хүрээнд тэмдэглэж, “Залуучуудын хөгжлийн сар”-ын аяныг зохион байгуулж байна.

            Нийгмийн хамгийн идэвхитэй, хамгийн бүтээлч, эрч хүчтэй бүлэг болох залуучууд нийт хүн амын 33,7 хувь, хөдөлмөрийн насны нийт иргэдийн талаас илүү хэсгийг эзэлж Монгол Улсын хөгжлийн тулгуур үнэт зүйл болж буй тул залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь хувь хүний хөгжлөөс гадна ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг билээ.

           Өнөөдөр монгол залуусын 26.6 хувь нь эрдэм мэдлэг эзэмшихээр суралцаж, 47.3 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд залуучуудын дундах ажилгүйдлийн түвшин 14.4 хувьтай байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын 29.0 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 20.2 хувь нь аж үйлдвэрийн салбарт, 50.8 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг.

          Залуучуудыг  эрүүл зөв дадал хэвшилтэй болох,  түүх соёл, ёс заншил, удам угсаагаа хадгалах, чанартай боловсрол, мэргэжил эзэмших,  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр, орлогыг нэмэгдүүлэхээс гадна эрүүл аюулгүй амьдарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, нөхцөлийг нь бүрдүүлэх, тэдний  нийгмийн оролцоо, хувь хүний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг хөгжлийн тулгуур асуудлуудыг нэгдсэн бодлогоор, цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Эдгээр асуудлыг бодлогоор зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн чухал хариуцлагатай жил тохиож байна.

       Хууль хэрэгжиж эхэлснээр бүхнийг нэг дор шийдэх боломжгүй. Гэхдээ залуучуудынхаа хөгжлийг дэмжих чиглэлээр төрөөс үзүүлэх үйлчилгээг тодорхойлж, аймаг, дүүрэг бүрт Залуучуудын хөгжлийн төв байгуулан   залууст хүрч үйлчлэх хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ажиллуулж эхэлсэн нь дэвшил болсон гэж үзэж байна.

       Залуучуудаар удирдуулсан шинэлэг санаачлага бүхий гарааны бизнесийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”-гарааны бизнесийг дэмжих “Start up” төслийг 8 аймаг, 4 дүүрэгт хэрэгжүүлж зөвхөн энэ оны эхний хагас жилд өссөн дүнгээр нийт 215 иргэнийг хамруулан 113,029.0 мянган төгрөг зарцуулж 40 ажлын байр бий болгожээ.

       Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  туссан залуучуудын хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх тал дээр голлон анхаарч өсвөр үе, залуучуудын мэргэжил сонголт, чанартай боловсрол эзэмших хөшүүргийг бий болгох, мэргэшсэн ажилтан бэлтгэх, хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж, гарааны бизнес эрхлэх зэрэг олон асуудлыг “Залуучуудын хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөрт тусган батлуулж, цаашид залуучуудын хөгжлийн төлөө илүү ихийг хийж бүтээхээр зорин ажиллаж байна.

Эрхэм хүндэт залуус аа,

          Эх орныхоо хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж, хийж буй бүх зүйлээ хамгийн сайнаар үйлдэж, улс Монголынхоо хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулан, аз жаргалтай, гэгээн ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ

 

 

2018 оны 08 дугаар сарын 25

Улаанбаатар хот

Дээш