“Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ын шинэчилсэн төсөлд санал авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлигийн 1.1 дэх хэсэгт “Цаатан иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэл насны цаатан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох” чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл үүрэг болгосны дагуу Монгол Улсын Засгийн газраас “Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2013 оны 168 дугаар тогтоолыг баталсан.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолд тайгад амьдардаг цаатан иргэнд Хангайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшин, хүүхдэд түүний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмжийг олгох арга хэмжээг 2013 оны 06 дугаар сараас 2018 оны 06 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд хуучнаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/72 дугаар тушаалаар “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ыг баталсан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 213 дугаар тогтоолоор  цаатан иргэдэд тэтгэмж олгох арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах, хуучнаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/72 дугаар тушаалаар батлагдсан “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэх үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн тул журмыг шинэчлэн боловсруулсан.

Журмын төсөлд тэтгэмжид хамрагдаж байгаа ахмад настныг тайгад амьдарч байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан гэж илүү тодорхой болгож зохицуулж байнгын асаргаа шаардлагатай иргэн болон түүнийг асарч байгаа гэр бүлийн гишүүнийг тэтгэмжид хамруулахаар нэмж зохицууллаа.

Түүнчлэн тэтгэмжид хамрагдах цаатан иргэний нэрсийн жагсаалтыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор биш харин сумын Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж, Засаг даргын захирамжаар баталгаажуулж байхаар төсөлд тусгалаа.

Цаатны ёс заншил, өв соёлыг хадгалах, хамгаалах, цаа бугыг мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, тарилгад тогтмол хамруулах, цаатан иргэдийг арилжааны зорилгоор цаа бугыг өөр бүс нутагт худалдан борлуулж дасан зохицох чадварыг алдагдуулахгүй байх нь орон нутгийн байгууллагуудын үүрэг байхаар зохицууллаа.

Тэтгэмж авч байгаа цаатан иргэдийг идэвхижүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өрхийн үйлдвэрлэл эрхлэлт, амьжиргааг дэмжих чиглэлээрх зөвлөгөө, сургалтад заавал хамрагдах үүрэгтэй байхаар журмын төсөлд тусгасан.

Мөн тэтгэмж авч байгаа цаатан иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс бага насны хүүхдээ товлолын дагуу заавал хийх дархлаажуулалтад хамруулах, сургуулийн насны хүүхдээ албан ба албан бус боловсролд хамруулах, цаатан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж байх зэргийг журмын төсөлд оруулсан.

Та бүхэн журмын төсөлтэй танилцаад саналаа gereltuya@mlsp.gov.mn, tserenkhand@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ыг шинэчилсэн төсөл
Дээш