С.Чинзориг сайд эрүүл мэндийн үйлдвэрчний холбооныхонтой уулзлаа
Хамтын хэлэлцээрийн хоёроос бусад заалтыг бүртгэсэн
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээж авч уулзаж Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо Эрүүл мэндийн сайдтай байгуулсан "Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт/тариф/-ын нэмэлт хэлэлцээрийн хоёр заалтаас бусдыг нь бүртгэхээр болсныг танилцууллаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт "...бүртгэх эрх бүхий этгээд хамтын гэрээ, хэлэлцээрийг ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана" гэж заасны дагуу өнгөрсөн тавдугаар сарын 29-нд байгуулсан энэхүү хэлэлцээрийн заалтууд Төсвийн тухай болон Хөдөлмөрийн тухай хуультай нийцэхгүй байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн тодорхой хариуг өгч байсан юм.
Тус холбооноос нэмэлт хэлэлцээрийн зарим заалтыг өөрчлөн дахин бүртгүүлэхээр хандсаныг ХНХЯ хянаж үзээд хоёроос бусад заалтыг бүртгэх боломжтой хэмээн үзсэн байна.
Энэ тухай сайд С.Чинзориг дэлгэрэнгүй танилцуулж, төрийн албан хаагчид тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалингийн тал дээр ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Өмнөх хэлэлцээрийн зарим заалт Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хуультай зөрчилдөж байгаа учраас бүртгэлгүй буцаасан. Та бүхэн тэр үндэслэлүүдийг засаад дахин хэлэлцээрийг бүртгүүлэхээр ирүүлсэн байна. Бид хянаж үзээд энэ хэлэлцээрийн 1.5, 1.8 гэсэн хоёр заалтыг нь бүртгэх боломжгүй гэж үзээд бусдыг нь бүртгэхээр болсон.
Бүртгэх боломжгүй гэсэн хоёр заалтыг салбарынхаа яамтай дахиж ярилцаад шаардлагатай гэж үзвэл дахин томьёолоод хуульд нийцүүлэн ирүүлэх боломжтой.
2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт нэмээгүй. Тиймээс цалин хөлсийг нэмэх ёстой гэдгийг бид сайн ойлгож, байнга ярьж байгаа. Түүнчлэн цалин хөлсний тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзээд манай яам санаачлан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын ажлын байрны нөхцөлийн үнэлгээг хийсэн. Эмч л бол эмч, сувилагч л бол сувилагч яг адилхан цалин авдаг байх нь шударга тогтолцоо биш. Эмч гэхэд гүйцэтгэж байгаа ажил үүрэг, ур чадвар, ачаалал, ажлын нөхцөлөөр нь үнэлэхэд 23, сувилагчийнх 29 төрлийн үнэлгээ гарч байгаа. Тиймээс энэхүү үнэлгээгээр гүйцэтгэж буй ажлын ачаалал, орчин нөхцөлөөс шалтгаалсан ялгамжтай цалин хөлс авдаг байх нь зөв гэсэн бодлого барьж байна. Ирэх жилээс цалингийн ийм ялгамжтай тогтолцоог нэвтрүүлэх талаар бид Засгийн газар, Сангийн яам болон холбогдох салбарын яамдтай санал солилцож байгаа” хэмээсэн.
Хууль бус ажил хаялт зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа
Уулзалтын үеэр С.Чинзориг сайд ЭМҮЭХ-ны удирдлагуудыг цалин нэмэхтэй холбоотойгоор хэлэлцээрээс давсан шаардлага тавьж ажил хаялт зохион байгуулах хүртэл асуудлыг хурцатгахгүй гэдэгт итгэж буйгаа хэлээд “Ажил хаялтыг Үйлдвэрчний байгууллагаас зарласнаар хаячихдаг ч юм биш. Хөдөлмөрийн тухай хуульд ямар нөхцөлд ажил хаях эрх үүсэх вэ гэдгийг нарийн тодорхойлсон заалтууд бий. Эдгээрээс миний харж байгаагаар өнөөгийн нөхцөлд салбарын үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарлаж зохион байгуулах эрх зүйн үндэс алга гэж хэлж болно. Нэгдүгээрт, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлж 2018 онд инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийж зөвшилцөлд хүрч энэ оны дөрөвдүгээр улиралд цалинг нэмэх тохиролцоо хийсэн. Мөн энэ сарын 25-нд ирэх ОУВС-гийн ажлын хэсэгтэй төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018-2019 онд нэмэгдүүлэх асуудлаар дахин хэлэлцээрийн ширээнд суухаар төлөвлөсөн байгаа.
Хоёрдугаарт, салбарын ҮЭ ажил хаялт зохион байгуулах гэж буй бол өмнө байгуулсан хэлэлцээрт салбарын яам нь цалинг 50-иас доошгүй хувиар нэмнэ гэсэн амлалт авсан уу гэдгийг харах ёстой. Хэрэв ийм амлалт байгаа бол амлалтаа биелүүлсэнгүй гэж үзэн Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд эвлэрүүлэн зуучлагч, эсвэл хөдөлмөрийн арбитр томилуулж шийдвэр гаргуулдаг бөгөөд гаргасан шийдвэрийг ажил олгогч хэрэгжүүлээгүй тохиолдолд ажил хаях эрх нь нээгддэг. Гэтэл миний авсан мэдээллээр Засгийн газар, салбарын яам цалинг 50-иас доошгүй хувиар нэмнэ гэсэн амлалт өмнөх хэлэлцээрээр аваагүй юм билээ. Салбарын хэлэлцээрт тусгаагүй асуудлаар ажил хаях хориотой. Хэрвээ ажил хаялт болох юм бол ажил хаялтаас гарах үр дүнг хууль бус ажил хаялт зохион байгуулсан байгууллага хариуцна. Хууль бус ажил хаялт гэж үзвэл шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр зогсоолгож болно. Хэрвээ ажил хаялт олон нийтийн эрх ашигт хохирол учруулахаар байна гэж үзвэл Засгийн газар ажил хаялтыг тодорхой хугацаагаар хойшлуулж болох хуулийн зохицуулалттай.
Эрүүл мэндийн салбар гэдэг онцгой хариуцлагатай, дэглэмтэй ажилладаг, ард түмний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн хүмүүс учраас нийгмийг эмх замбараагүй байдалд оруулахгүй байх гэдэгт би итгэж байна.