“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ АЯН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос санаачлан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаанд мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг сайжруулах аян”-ыг улсын хэмжээнд зургадугаар дугаар сарын 1-нээс эхлүүлсэн.
Таван сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох хурлын өрөө, хүлээлгийн танхим, ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хэлбэрээр засч тохижуулах, эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааны талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн санал, гомдол, хүсэлтийг нээлттэй хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр иргэдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох үйл ажиллагааг сурталчилан таниулах ажлыг хийх юм.
Аймаг, дүүргийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэн (даатгуулагч)-ийн сүүлийн таван жилийн судалгаа, Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчийн судалгаа, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгоод ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн (даатгуулагч)-ийн судалгаа, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг хугацаагүйгээр тогтоолгосон иргэн (даатгуулагч)-ийн судалгааг тус тус хийж, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг даатгуулагчийн тэтгэврийн хувийн хэргийг цахим мэдээллийн сантай тулган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээ, мэдээллийг нэгтгэн, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын чиглэлээр суурь судалгаатай болох юм.
Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар нийт аймаг (дүүрэг)-ийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс төлөвлөгөө гарган ажиллаж эхлээд байна хэмээн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос мэдээллээ.