Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ бүрэн эхээрээ
"Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол" үндэсний зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцогчид болон зохион байгуулагчдад хандаж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүний илгээсэн мэндчилгээг Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар танилцуулсан юм. Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөний төлөөлөгч хүндэт, Хатагтай ноёд оо,
Эрхэм хүндэт Улсын Их хурлын гишүүдээ,
Эрхэм хүндэт Холбооны Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Штефан Дуппел,
Олон улсын байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулагч, хамтран зүтгэгчидээ,
Үндэсний баялагыг бүтээгч, түншлэгч, ажил олгогчдоо,
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачид, оюутан залуусаа,
Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа ажлын амжилт хүсэж, энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.
Дэлхий нийтээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх салбарын хөгжилд ихээхэн ач холбогдол өгч, хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог онцлон ивээж, хөрөнгө оруулсан, нийгэм, эдийн засгийн аль ч салбарт мэргэжилтэй ажилтныг чухалчилсан цаг үеэд та бид “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас 2015 онд “Дэлхийн тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг батлан, ирэх 15 жилийн хөгжлийн гарцыг “Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй” даян дэлхийн уриалга дор дэлхий нийтээр нэгдсэн. Шинжлэх ухаан техник, технологи бүтээн байгуулалт эрчимтэй хөгжсөн эрин зуунд нээлттэй, өрсөлдөөнтэй мэдээлжсэн орчинд ажиллаж, амьдрах дэлхийн хөгжлөөс нэг ч Монгол хүн үлдэх, хоцрох ёсгүй.
Энэ ч үүднээс “Дэлхийн тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрөөр баримжаалан 2016 онд Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030”-ийг батлан, “Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхрага давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох” томоохон зорилгыг дэвшүүлсэн. Энэ бол Монголын ард түмний өмнө төдийгүй дэлхийн нийтийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Их Хурлаас авсан амлалт хэмээн хэлж болно
Монгол Улс хурдацтай хөгжиж буй орнуудын жишигт хүрэх, улмаар 2030 он гэхэд НҮБ-д бүртгэлтэй 208 улсаас Монгол хүний хөгжлийн үзүүлэлтээр өнөөгийн 90 дүгээр байрнаас 70 дугаар байранд, өрсөлдөх чадварын үзүүлэлт 104 дүгээр байрнаас 70 дугаар байранд хүргэх зорилтыг биелүүлэхэд бид, суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэн, насан туршийн боловсролыг дэмжих, Монгол хүний хөгжлийн индексийг нэмэгдүүлэх замаар тавьсан зорилт, авсан амлалтандаа хүрэх бүрэн боломж бий хэмээн харж байна.
Хөгжлийн гарцыг мэргэжлийн мэдлэг, ур чадвар, төлөвшил бүхий иргэд хэмээн харсан улс орны иргэдийн хөгжлийн болон өрсөлдөх чадварын үзүүлэлт өндөр байна. Манай улс ч мөн адил мэргэжлийн боловсрол, сургалтын салбартаа анхаарал хандуулж, боловсролтой, чадварлаг, төлөвшсөн иргэнийг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байж сая дэлхийн улс орнуудын дунд тогтвортойгоор хөгжихийн үндэс бүрэлдэнэ.
Дэлхийн тогтвортой хөгжлийн 2030-ийн ”Чанартай боловсролыг дэмжих” 4 дүгээр зорилгод нийцүүлэн “Мэдлэгт суурилсан нийгэм ба ур чадвар бүхий Монгол хүнийг бэлтгэх” үндсэн зорилгын дор:
- Хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд нийцүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгож, төгсөгчдөд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэх,
- “Нийгмийн түншлэл дээр үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын багшлах боловсон хүчнийг чадваржуулж, техникийн баазыг өргөжүүлэн, суралцагчдын тоог 60.0 мянгад хүргэх”,
- Улмаар 2030 он гэхэд “Үндэсний ажиллах хүчний хэрэгцээг мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр бүрэн хангах”-аар бодлогын томоохон зорилтууд дэвшүүлсэн.
“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөний хүндэт, төлөөлөгчдөө,
Миний бие нэгэнтээ “Монгол Улсын эдийн засгийг хямралаас гаргаж, сэргээсэн ард түмний амьдралыг дээшлүүлсэн ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзсэн Ерөнхий сайд байх”-аа амлаж байснаа энд эргэн дурсмаар байна.
Дурсахын учир, өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн 70 гаруй хувийг эзлэж байгаа баялаг бүтээгч, мэргэжилтэй ажилтныг бэлтгэн нийлүүлж буй мэргэжлийн боловсрол сургалтаар түүчээлэн иргэдээ ажилтай, орлогтой, амжиргаатай дундаж болон чинээлэг дундаж давхрага давамгайлсан нийгмийн цогцлооход онцгойлон анхаарч, цаашид мэргэжлийн боловсрол сургалтын салбарт дараах зарим арга хэмжээг энэ тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
- Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийн, санхүүгийн, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх,
- Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх,
- Иргэд, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих,
- Багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэн хийсэн бүтээснийг үнэлэх цалин, урамшууллын зөв оновчтой механизмийг бүрдүүлэх,
- Оюутан, суралцагчдын сурлагын амжилт, голч дүнд нийцүүлэн тэтгэлгийг олгох, тэтгэлгийг нэмэгдүүлэх,
- Мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох, зэрэг
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд мэргэжлийн боловсрол сургалтын салбарт тулгамдаж буй эдгээр болон бусад асуудлуудад онцгойлон анхаарч, бүхий л талаар та бүхэнтэй тууштай хамтран ажиллах болно.
Эх орныхоо хөгжлийг түүчээлэн авч явах, баялаг бүтээгч-мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, ард олныхоо ажилч хичээнгүй чанарыг дэмжиж хөгжүүлэх их үйлсдээ шинэ шинэ амжилт олох бүрэн боломж Та бидний гарт байна.
Үндэсний зөвлөгөөнийг нээснийг мэдэгдэж, амжилт хүсье !