Нийслэл дэх байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй байдалд үнэлгээ хийх ажлыг зохион байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/93 тоот тушаалаар баталсан удирдамжийн дагуу хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нийслэл дэх 37 байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй байдалд үнэлгээ хийх ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 05 дугаар сарын 23-ны хооронд зохион байгууллаа.

Энэхүү үнэлгээг Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, “Түгээмэл хөгжил”, “Сонгино” бие даан амьдрах төв гэсэн хүртээмжийн үнэлгээгээр мэргэшсэн төрийн бус байгууллагаар хийж гүйцэтгүүллээ.

Үнэлгээнд “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага MNS 6055:2009” стандартыг хангасан байдлыг ажиглалт, хэмжилтийн, удирдлага, ажилтнуудтай ярилцлага хийж, “Иргэдийн онооны карт”-ын хуудсаар байгууллагын хүртээмжийг үнэлүүлэх аргыг ашигласан бөгөөд тайлан, зөвлөмжийг байгууллага тус бүрээр боловсруулан хүлээлгэн өгөв.

Үнэлгээний тайланг танилцуулах семинарыг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтэн, яамдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга нар 80 гаруй хүн оролцлоо.

Семинарын үр дүнд салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх ажлын төлөвлөгөө гарган, шаардлагатай хөрөнгийг үе шаттайгаар төсөвт тусгах, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөртэй хамтран ажиллах зэргээр орчны стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

           

 

Дээш