Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа
Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцаа ба бичил уурхай” сэдвээр аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг Улаанбаатар хотод 2018 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд 21 аймаг, 9 дүүрэг, зарим сумдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан 50 гаруй мэргэжилтэн оролцсоноос гадна Үндэсний статистикийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Монгол Улсын их сургууль болон зарим томоохон компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны ажилтнууд оролцож, холбогдох мэдээллийг танилцуулсан байна.
Сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин, бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, төрийн албан хаагчийн сэтгэл зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлж буй сайн туршлага гэсэн чиглэлээр зохион байгуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг олгох болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бодитой хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.