Сүхбаатарын талбайд ес хоног үргэлжилсэн суулт зогсчээ

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байсан юм. Ес хоног үргэлжилсэн суулт өчигдрөөс зогссон байна.

Энэ тухай өнөөдөр Төрийн ордонд болсон Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагад элссэний 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр МҮЭХ-ын ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдэгдсэн. Тэрбээр “Засгийн газрын зүгээс цалин хөлсийг нэмэх шуурхай ажлын хэсэг байгуулсан. Тиймээс төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэх зорилго бүхий ажил хаялтын өмнөх суулт ес хоног үргэлжилж, өчигдөр зогссон. Цаашдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Монгол хүний ажлын байрыг тогтвортой, баталгаатай байлгах, амьдралын түвшинг дээшлүүлэх чиглэлд Засгийн газар, МҮЭХ, ОУХБ нягт хамтран ажиллах болно”  гэсэн юм.

Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх бодлого баримтлан ажиллаж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дурдаад, “Өчигдөр буюу энэ сарын 23-нд Сангийн сайд болон Хөдөлмөр, нийгмйин хамгааллын сайдын хамтарсан тушаалаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж, хөрөнгө, санхүүгийн нөөц бололцоог тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 2018-2020 онд нэмэх боломж, бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа” гэсэн юм.


 

 

 

Дээш