ТЭТГЭВЭР ӨӨРЧЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Миний тэтгэврийг 5 жилийн дундаж цалингаар өөрчлөхөд буурвал яах вэ?

Хэвээр олгоно. Таны тэтгэврийг 5 жилийн дундаж цалингаар өөрчлөхөд тэтгэврийн хэмжээ нь 2023 оны 12 дугаар сарын тэтгэврээс буурахаар бол таны тэтгэврийг бууруулахгүйгээр өмнө нь олгож байсан хэмжээгээр олгоно.

Би тэтгэврээ хэдэн төгрөгөөр өөрчлөгдөхийг одоо шууд мэдэж болох уу?

Үгүй. Тэтгэврээ 5 жилийн дундаж цалин хөлснөөр өөрчлүүлэх Таны хүсэлтийг хүлээн авснаар тэтгэврийн програмд бодолт хийгдэх тул цахимаар хүсэлт гаргах үед өөрчлөгдсөн тэтгэврийг шууд харах боломжгүй байна. Харин Та 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө хүсэлтээ гаргасан тохиолдолд 2024.01.01-нд өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.

Тэтгэвэр өөрчлүүлэх хүсэлтийг хэн гаргах вэ?

Зөвхөн 2019-2023 онд тэтгэврээ 6 эсхүл 7 жилийн дундаж цалин хөлсөөр тогтоолгосон тэтгэвэр авагч  бүр хүсэлтээ гаргана. Цалингүйгээр эсхүл 60 сараас цөөн сарын дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон тэтгэвэр авагчид хамаарахгүй.

Тэтгэврээ 5 жилийн дундаж цалин хөлсөөр өөрчлөхөд 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр олгосон тэтгэврийн нэмэгдлийг тооцохгүй юу?

Үгүй. 2023.07.01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон бол дараалсан 5 жилийн цалинг Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан итгэлцүүрээр өсгөн бодогдсон тэтгэврийг Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу 10 хувиар нэмэгдүүлж олгоно.

Би тэтгэвэр тогтоолгосон 6 эсхүл 7 жилийн цалин хөлсөө 5 жилийн дундаж цалингаар өөрчлүүлэх хүсэлтээ заавал цахимаар гаргах уу?

Үгүй. Таны цагийг хэмнэх, тэтгэврийн үйлчилгээг танд чирэгдэлгүй хүргэх зорилгоор тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлтийг цахимаар гаргахыг танд санал болгож байна. Та хүсвэл өөрийн харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж хүсэлтээ цаасаар гаргаж болно.

Би тэтгэврээ 5 жилийн дундаж цалин хөлсөөр өөрчлүүлэх хүсэлтээ заавал 2023 ондоо гаргах ёстой юу?

Үгүй, Та 2023.12.26-ны өдрөөс өмнө хүсэлтээ гаргавал 2024.01.01-ний өдрөөс өөрчлөгдсөн тэтгэврээ авна. Харин дээрх хугацаанаас хойш гаргасан тохиолдолд хүсэлтээ сарын 15-ны өдрөөс өмнө гаргавал тухайн сарын 01-ний өдрөөс, 15-ны өдрөөс хойш гаргавал дараа сарын 01-ний өдрөөс өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.

2023.07.01-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгосон хүн 5 жилийн дундаж цалингаас тэтгэврээ өөрчлүүлж байгаа тохиолдолд тэтгэврийн нэмэгдлийг яаж олгох вэ?

Та 2023.07.01-ний өдрөөс хойш шинээр тэтгэвэр тогтоолгосон бол таны хүсэлтийг үндэслэн сонгосон дараалсан 5 жилийн сар бүрийн цалинг итгэлцүүрээр өсгөн өөрчлөн тогтооно. Харин Засгийн газрын 2023 оны 239 дүгээр тогтоолын дагуу 2023.07.01-нд бодож олгосон 10 хувийн нэмэгдэлд хамаарагдахгүй болно.

Тэтгэврээ 5 жилийн дундаж цалин хөлснөөс өөрчлөн тогтоолгосон тохиолдолд зөрүүг нөхөж олгох уу?

Үгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 29 дүгээр зүйлийн 29.3-т тэтгэврээ 5 жилийн дундаж цалингаас өөрчлөн тогтоолгосон тэтгэвэр авагчийн хүсэлтэд үндэслэн нэг удаа өөрчлөн тогтоохоор заасан тул урьд нь мөрдөж байсан хуулийн дагуу тогтоож, олгосон тэтгэврийн зөрүүг олгохгүй болно.

Би 2019 онд 6 жилийн дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон. Шинээр батлагдсан хуулийн дагуу 1995 оноос өмнөх хугацааны 5 жилийн дундаж цалин хөлснөөс тэтгэврээ өөрчлөн тогтоолгож болох уу?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хууль /Шинэчилсэн найруулга/-д зааснаар даатгуулагч шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх өөрт аль ашигтай 5 жилийн дундаж цалин хөлснөөс өөрчлөхөөр заасан. Таны шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилд 1995 оноос өмнөх 5 жил хамаарч байгаа тохиолдолд  тухайн онуудыг цалингаас тэтгэврээ өөрчлөн тогтоолгож болно.

Хэдээс хэдэн оны цалинг итгэлцүүрээр тооцох вэ?

ЗГ-ын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан “Тэтгэвэр тогтооход баримтлах цалингийн итгэлцүүр”-ийг 1990 ба түүнээс өмнөх ба 1990-2021 оны цалинд хэрэглэнэ.

Дээш