ХНХЯ ажлаараа тэргүүлж, Засгийн газрын шагнал хүртлээ

Монгол Улсын Засгийн газар 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж урамшууллаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын ажлыг дүгнэхэд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамгийн өндөр оноо авч Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл” 10 сая төгрөгийн шагнал хүртлээ. Мөн энэ шагналыг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Өмнөговь, Дорнод, Орхон, Дархан-Уул аймаг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгосон.

Шагналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар гардуулсан бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүн шилдгээр шалгарсан яам, аймгийнханд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Засгийн газар 2017 онд эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк, санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажилласан бөгөөд манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарлаа.

2018, 2019 он бол их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэддээ амласан амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа юм. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж айл өрхийн амьдралд үр өгөөжийг нь хүргэх нь гол зорилго болж байна” гэсэн юм.

Дээш