Асуулт 6. Манай компани өөр компанитай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилладаг. Одоо 1 жил болж байна. Манайх гүйцэтгэгч, нөгөө компани захиалагч буюу ерөнхий гүйцэтгэгч компани. Манай ажилтан барилгын лифтний хонгилыг хаасан битүү хаалтыг налсны улмаас хонгилоор унаж гэмтсэн. Уг хонгилын хаалт хамгаалалт шаардлага хангахгүй, анхааруулах дохио тэмдэггүй, энэ талаараа бидэнд ч мэдэгдээгүй байсан. Энэ ослыг аль компаний комисс судлан бүртгэх вэ?

Энэ тохиолдолд 2 тал хамгийн эхний ээлжинд Ажил гүйцэтгэх гэрээгээ эргэж харах хэрэгтэй. Уг гэрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгасан эсэх, мөн  гэрээгээр ажил гүйцэтгэх үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар тодорхой тусгасан эсэх зэргийг нягтлана. Хэрвээ тодорхой тусгаагүй байвал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.7 дахь заалтын дагуу ажил гүйцэтгүүлэгч талын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс ослын тохиолдлыг судалж ажиллана. Энэ комиссын бүрэлдэхүүнд туслан гүйцэтгэгч компаний төлөөлөл оролцож болно.

 

Дээш