Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдгүүдийг шалгаруулах шалгуур, журмын төсөл боловсруулах богино хугацааны зөвлөхийн ажилд урьж байна
2016 онд Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн гишүүний хувьд үндсэн эрхээ эдэлж, хөгжих, хамгаалах асуудлыг цогцоор нь тусгасан. Тус хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон тэдний бусад эрхийг хуульчилсан юм.
Тус хууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд оролцох үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх, энэ чиглэлээр төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх үүрэг, оролцоог тодорхойлсон хууль юм. Тус хуулийн хэрэгжилтийг хангахад Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд салбар бүрийн оролцоо чухал байна.
Тиймээс хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, идэвхи санаачлагыг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагыг ухамсарлах зэргийг дэмжих хөшүүрэг болсон ажил арга хэмжээг зохион байгуулах шаардлага үүсч байна.
Энэ хүрээнд шалгалт торгууль оногдуулахаас илүүтэйгээр хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг урамшуулах, тэдний сайн туршлага, жишгийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй байна.
АЖЛЫН ЗОРИЛГО
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх, тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, ажлын байраар хангах, зэрэг чиглэлээр идэвх, санаачилга гарган ажилласан шилдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэд, албан хаагчдыг шалгаруулж, алдаршуулах чиглэлээр холбошгдох журам, болзол, шалгуур үзүүлэлтийг боловсруулан батлуулах ажлыг гүйцэтгэх зөвлөхийг сонгон шалгаруулна
ЗӨВЛӨХИЙН ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХҮРЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдгүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, болзол, журмын төсөл боловсруулах зөвлөх дараах ажлыг гүйцэтгэнэ:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах болзол, номинацийг тодорхойлох
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдгүүдийг шалгаруулах номинацийг тодорхойлох бичил судалгаа хийх
- Бичил судалгааны асуулга боловсруулах
- Мэдээлэл цуглуулах
- Судалгааг нэгтгэн боловсруулж номинацийг тодорхойлох төсөл боловсруулах
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, төрийн байгууллагын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж шилдэгүүдийн номинацийг эцэслэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах шалгуур үзүүлэлт болзолыг тодорхойлон боловсруулах
- Ажил олгогчидтой уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллахад давуу тал болон бэрхшээлийн талаар тандан судална. Мэдээлэл цуглуулна.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой байнгын ажлын байраар хангасан орон нутгийн, алслагдсан болон төвийн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй тус бүр 3-аас доошгүй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзалт, яриа өрнүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байнгын ажлын байраар хангаж буй аж ахуйн нэгж байгууллагын ажлын талбарт очиж танилцах. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай ярилцлага хийх
- Оны шилдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэн тус бүр дээр дээр болзлын маягт боловсруулах
- Холбогдох байгууллага, иргэдийн хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж маягтын төслийг хэлэлцүүлэх, санал авах, тусгах
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдгүүдийг шалгаруулах, олгох журмын төслийг боловсруулах
- Тодорхойлсон номинаци тус бүр дээр шилдгээр шалгаруулах болзлыг тусган журмын төслийг боловсруулах
- Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр тус бүрийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж журмын төслийг хэлэлцүүлэх, саналыг нэгтгэн тусгах
- Журмын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хуралд танилцуулах
- Журмыг батлуулах
ЗӨВЛӨХИЙН УР ЧАДВАР:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр 15-аас дээш жил ажилласан туршлагатай байх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар судалгаа хийж байсан туршлагатай байх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх бодлого боловсруулах ажилд оролцож байсан байх
- Зөвлөх өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол давуу болно
ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
2018.05.28-2018.09.28-ны хооронд ажиллана.
Сонирхсон хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлэн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны 17.00 цагаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 104 тоотод битүүмжлэн авчирч өгнө үү. Үүнд:
- Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт
- Өөрийн товч танилцуулга
- Бүтээлийн жагсаалт
Илүү нарийвчилсан мэдээллийг 51-260202 утсаар болон regzen@mlsp.gov.mn хаягаар авах боломжтой. Хавсралт хэсгээс ажлын удирдамжыг татаж авна уу.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ