"Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төрийн ордонд зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд сайд С.Мөнгөнчимэг болон УИХ-ын гишүүд, холбогдох газар хэлтсийн дарга нар оролцлоо. Мөн хэлэлцүүлэгт гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, судалгаа шинжилгээ хийдэг бусад байгууллагуудын төлөөллүүд ч оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм.

Тус нээлттэй хэлэлцүүлэг нь гэр бүлийн өдрийн хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлж, хуулийн төсөлд тусгах гол зорилготой байлаа.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, дэлхий нийтээр 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн өдрийг анх тэмдэглэж эхэлсэн бол манай улс 2003 онд батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг Гэр бүлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Энэ жил олон улсын гэр бүлийн өдрийг Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт болох “тогтвортой хөгжлийн төлөө энх тайван, шударга ёс болон хариуцлагатай, үр дүнтэй тогтолцоог бий болгох”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч, “Гэр бүл ба тэгш хүртээмжтэй нийгэм” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дээш