БНСУ-ын Пусанд “Зөв шийдвэр хамтдаа гаргая” уулзалт боллоо
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас Пусан хотын Цагаачлалын алба, Цагдаагийн газар, Сөүл дэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтран “Зөв шийдвэр хамтдаа гаргая” уулзалт зөвлөлгөөнийг энэ сарын 7-нд зохион байгууллаа. Уг уулзалтыг БНСУ-д оршин сууж буй монголчууд гэмт хэрэгт холбогдох, визийн хугацааг хэтрүүлэх нь эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бусаар оршин суухад гарах сөрөг үр дүнг таниулах зорилгоор зохион байгуулсан бөгөөд ХНХҮТ-өөс дарга Д.Баярмандах болон хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын мэргэжилтнүүд оролцож төвийнхөө үйл ажиллагааг сурталчилахын хамт иргэдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, хууль бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар таниулан, мөн нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэв.
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2018 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар манай улсын 47,250 иргэн тус улсад урт болон богино хугацаагаар амьдарч буй бөгөөд тэднээс 13,494 нь хууль бусаар оршин сууж байгаа иргэд. Энэ тоо 2014 оны мөн үетэй харьцуулахад 6,085 орчим хүнээр нэмэгдсэн байна.
Уулзалтыг зохион байгуулсан Пусан дахь Консулын газраас хийсэн мэдээлэлд БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай иргэд гэмт хэрэгт холбогдон амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, ялангуяа хүнд гэмт хэрэг үйлдэх явдал буурахгүй байгаа нь суугаа орны хууль дүрмийг мэддэггүй, архи хэтрүүлэн хэрэглэдэг зэрэгтэй холбоотойг онцлоод гадаадын иргэдийн хүнд гэмт хэрэг үйлдсэн үзүүлэлтээр манай улс хоёрдугаарт бичигдэж байгаа талаар БНСУ-ын гэмт хэргийн нөхцөл байдлыг судалдаг БНСУ-ын эрүүгийн хэргийн судалгааны институтийн гаргасан судалгаанд тусгасныг танилцууллаа.
Түүнээс гадна монголчуудын дунд хулгай, бичиг баримтгүй мөн согтуугаар жолоо барих, хүчин, танхайн хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгаа, хулгайн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 10 сая хүртэлх воны торгууль, зургаа хүртэлх жилийн хорих ял оноодог бөгөөд хамтран үйлдсэн гэж үзвэл ялын зэрэг хүндэрдэг тухай Пусан хотын Цагдаагийн газрын ажилтан тайлбарлаж, тус улсад хяналтын камерийн систем маш сайн хөгжсөн тул хулгайн хэрэг үйлдэх ямар ч боломжгүйг уулзалт зөвлөлгөөнд оролцсон хүмүүст анхаарууллаа хэмээн Сөүл дэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.