С.Чинзориг сайд "Өнөр бүл"-ийн багачуудад сарын цалингаа хандивлалаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа "Өнөр бүл" төвийн авьяаслаг хүүхэд, багачуудын "Өнөр бүл бидний өргөө" тайлан тоглолт энэ сарын 12-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо. 100 гаруй хүүхэд амьдарч, сурч, хүмүүжиж буй “Өнөр бүл” төвийн багш, ажилтнууд сурагчдынхаа авьяас билгийг нээн хөгжүүлэхэд ихээхэн анхааргч ажилладаг бөгөөд урлаг, спортын олон авьяастныг төрүүлсэн бүтээлч хамт олон юм.
Тэд жил бүр сурагчынхаа тайлан тоглолтыг хийж, гарын уртай хүүхдүүдийнхээ хийж бүтээснийг олонд дэлгэн сурталчилдаг уламжлалтай. Энэ удаагийн “Өнөр бүл бидний өргөө” тоглолтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дэд сайд С.Мөнгөнчимэг, ХАХ-ын газрын дарга С.Тунгалагтамир нарын шийдвэр гаргах түвшний албаны хүмүүсийн хамт очиж, үзэж сонирхсон юм. Тоглолтыг нээж хэлсэн үгэндээ С.Чинзориг сайд хүүхдүүдийн боловсрол, авьяасыг нь хөгжүүлж буй багш сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийлээд авьяаслаг бяцхан жаалуудад урлаг, уран бүтээлийн өндөр амжилт хүссэн. Тэрбээр хүүхэд хамгааллын чиглэлээр Засгийн газар олон ажил хийж байгаа, цаашид ч хийхээр төлөвлөсөн ажил олон байгаа гээд “Өнөр бүл” төвийн барилгын ажилд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгаж туслалцаа үзүүлэхээр болсныг хэлсэн юм.
Хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг тус төвийн үйл ажиллагааг цаашид ч боломжтой бүхий л хэлбэрээр дэмжиж ажиллана гэдгээ хэлсэн С.Чинзориг сайд хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд зориулж нэг сарын цалингаа хандивлаж буйгаа дуулгаад бусад хүмүүсийг ч мөн уриалав. “Өнөр бүл төв” анх 1974 онд Хүүхдийн төлөө фондын шийдвэрээр Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1979 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор “Хүүхэд асрах байр”, 1991 онд 58 дугаар тусгай цэцэрлэг, хүүхэд асрах байрыг нэгтгэж, “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” нэртэй болон үйл ажиллагаагаа явуулж байсан. Тус төвийг 2013 онд Монгол Улсын Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болгон 2014 онд Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг нэгтгэн өргөжүүлж, 2015 онд тус төвийн дэргэд Хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төвийг нээн ажиллуулж байгаа юм.
“Өнөр бүл” төвийн багш, ажилтнууд хүүхдийн эрхийг хүндлэн дээдлэх зарчимд тулгуурлан, тэдний оролцоог хангасны үндсэн дээр бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэх, амьдрах ухааны эерэг хандлага, дадал чадвар эзэмшүүлэн нийгэмшүүлж, урлаг, спортоор дамжуулан төлөвшүүлэх, шаардлагатай тохиолдолд эрүүл мэнд, сэтгэл санааг нь эмчлэн сэргээн засах үйлчилгээг үзүүлж, хүүхэд нэг бүрийг гэр бүл түүнтэй дүйцэхүйц орчинд амьдруулах зорилт тавин ажилладаг.