ХНХ-ын сайд Х.Булгантуяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажиллалаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, сайдын зөвлөх Т.Бат-Эрдэнэ, тус яамны Гэр бүл хүүхэд залуучуудын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа нар өнөөдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа.
Байгууллагын үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал, хүүхэд болон залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний эрхийг хангах болон гэр бүлд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилттэй танилцаж, албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо.
Хүүхдийг аливаа халдлага, хүчирхийлэл, эрсдэлд өртсөн хойно нь бус урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарах хэрэгтэйг сануулсан. Түлэнхийн төв, ГССҮТ зэрэг эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн хүүхэд, тэдний эцэг эх асран хамгаалагчдын сэтгэл санаа маш хүнд байдгийг харгалзан сэтгэл зүйн үйлчилгээг хүргэхэд анхаарах, залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа нь халамжлах бус харин хөдөлмөр эрхлэхэд нь түлхэц болох хэрэгтэйг сайд анхаарууллаа.
Мөн сайд тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, Энэ сарын 22-ны өдөр зохион байгуулах Хүүхдийн чуулган, 25-ны өдөр зохион байгуулах Монголын залуучуудын Үндэсний 9 дүгээр чуулганы бэлтгэл ажил, анхаарах асуудал, Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэлт байдалд үнэлгээ хийх, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын санал боловсруулахтай холбоотой үүрэг даалгавар өглөө.